Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилж буй. Тодруулбал, Сэлбэ голын сав дагуу Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх далан задарснаас ойр ормын барилгуудын зоорины давхар болон гарааш усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн билээ. Үерт өртсөн зам, талбай, орон сууцны барилга орчмын лаг, шавар цэвэрлэгээний ажил дууссан хэдий ч ариутгал, халдваргүйжүүлэлт болон үүссэн хохирлыг арилгах, барилга, байгууламжийг цахилгаан, усан хангамжид холбох ажил үргэлжилж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо болон Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо буюу Сэлбэ гол орчмын үерт автсан байршилд ажиллалаа.
Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны 49 байр, 36 гарааш үерт өртсөн бөгөөд цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг 2-3 удаагийн давтамжтай хийгээд байгаа юм. Үерт өртсөн байрнуудыг хэрэглээний ус, цахилгаанд холбосон хэдий ч нийтийн эзэмшлийн талбайг цахилгаанд холбох ажил хүндрэлтэй байгааг албаныхан онцолж байлаа.
Үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийж, хохирлыг тогтоох, үнэлгээ хийх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, НЗДТГ-ын даргаар ахлуулсан. Гэхдээ эдгээр ажлын хэсэг нь хохирлын үнэлгээ гаргах эрх бүхий субъект биш. Үнэлгээний тухай хууль тогтоомжид зааснаар хохирлын үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулдаг компаниуд хийдэг. Тэд үнэлгээ хийсний дараа дүүрэг рүү шилжүүлэн, дүүрэг тэдгээрийг нэгтгэн нийслэл рүү шилжүүлсний дараа Улсын онцгой комисс хүлээн авч, дараагийн шатны арга хэмжээг авах юм. Харин хохирлын үнэлгээ тогтоох ажлыг долоодугаар сарын 24-ны дотор хийх шаардлагатай бөгөөд тус Ажлын хэсэг Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журамд заасан хугацаанд багтаан дүн мэдээг танилцуулах үүрэгтэй юм.
Хотын даргын зүгээс бохирын шугамуудаа сайтар цэвэрлэж, үерийн дараах ариутгал, халдваргүйжүүлэлтэд анхаарч, хөдөлмөрийн аюулгүй байдлаа ханган ажиллах хэрэгтэйг онцолж байлаа. Мөн үерийн улмаас хохирсон аж ахуйн нэгжүүд хохирлын үнэлгээгээ яаралтай хийлгүүлэн, давхар эрсдэлийн үнэлгээ хийлгэх шаардлагатайг дурдаж байв.