Архангайн аймаг руу ороход угтах хогийн цэгийг “Ногоон төгөл” болгох ажлыг эхлүүлжээ. Найман га талбайг хамарсан хогийн цэгт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, төрөөс ямар нэгэн төсөв гаргалгүй иргэд, хувийн хэвшил, хамтран бүтээн байгуулалтыг босгожээ. БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Цасчихэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Архангай аймаг 2023 онд 39 га талбайд ногоон байгууламж шинээр бий болгосон. Үүний найман га талбайд “Ногоон төгөл”-ийн бүтээн байгуулалтыг хийсэн. Талбайд одоогоор 9000 орчим навчит төрлийн мод, агч, улиас, халиас бургас тарьсан. Модны ургалт 80 хувьтай байна. Төр болон хувийн хэвшлүүд сайн дурын хүрээнд модны арчилгаа, усалгааг хийж байна. Мөн БОАЖГ-ын заавар, зөвлөгөөний дагуу арчлал, услалтыг хариуцаж буй ойжуулагч, манаачтай” гэлээ.
Мөн гүний худаг гаргаж усалгааны системийг шийдсэнээс гадна хамгаалалтын хашаа барьжээ. Цаашид “Ногоон төгөл”-ийн бүтээн байгуулалтын сумдадаа хийхээр төлөвлөж байгаа гэдгийг аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид онцоллоо. Тэрбээр “Эхний ээлжинд аймгийн төвийн хогийн цэгийн бүтээн байгуулалтын ажлыг шийдсэн. Бидний ирээдүйн мөрөөдөл бол Архангай аймаг руу орж ирэхэд хог биш ой угтдаг байх. Ойн цаана хогийн байгууламжаа шийдэх зорилготой ажиллаж байна” гэлээ.