Нийслэлийн онцгой комиссоос 13:00 цагийн байдлаарх үерийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, долоодугаар сарын 1-нээс үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн 26 хорооны 31,600 өрхийн 128,100 иргэн, 11 байршилд гудамж зам 108 барилга байгууламж үерт өртсөн. Долоодугаар сарын 7-8-нд шилжих шөнө, 8-ны өглөөний байдлаар Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд үргэлжлэн нэмэгдэж, 6:00 цагийн байдлаар 311 см хүрч, үерийн аюултай түвшинг 50 см давж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:
-Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн 21 байршилд нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 2,945 ажилтан, алба хаагч 504 техниктэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Хотын хэмжээнд нийт 85 дэд өртөөний 6,889 хэрэглэгч хүчдэлгүй байна. Тухайлбал, Сэлбэ гол дагуу байршилтай 5, 6 буудал орчмоор, “Натур” төв, “S Outlets” дэлгүүр, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Тээврийн цагдаагийн газар, Дунд гол дагуу байршилтай “Ирээдүй” хороолол орчмын хэрэглэгчдийн хүчдэлийг салгасан, эрсдэл буурмагц цахилгааныг залгана.
Нийслэлийн хэмжээнд усанд автсан нийт 144 орон сууцнаас 43 мото помп ашиглан 79 орон сууцны барилгын усыг соруулж, хатаах, цэвэрлэх, ариутгах ажлыг хийж байна, орон сууцны 65 барилгын усыг соруулж байна. Үерийн усыг соруулаагүй 13 байр бий.