УИХ-ын хаврын ээлжит чуулган ажлын 82 өдөр үргэлжилж, 200 гаруй хууль, 65 тогтоол баталж, хаалтаа хийлээ. Нүүрсний экспортын хяналтыг чангатгаж, төсвийн орлогыг нэмэгдүүлснээр эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон юм. Тодруулбал, 2023 оны төсвийн тодотголыг хийснээр ахмадын тэтгэвэрийн зөрүү, Улаанбаатар хотын түгжрэл, хүүхдийн мөнгөний асуудлыг шийдвэрлэх 1.8 их наяд төгрөгийн зарцуулалтыг нэмж оруулж ирсэн. Ингэснээр тэтгэврийн зөрүүг индексжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтолцоонд шинэчлэл хийсэн чуулган болсныг дурдлаа.
Хаврын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүд; Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүд; Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүд; Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл; Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүд зэрэг хууль, тогтоолын төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3-т заасны дагуу эцэслэн батлах санал хураалтыг нэг бүрчлэн явууллаа.