УИХ дахь АН-ынхан өчигдөр мэдээлэл хийж, өнгөрсөн долоон жилд эрх баригчид юу хийснийг дүгнэв. Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ардын намынхан өрийн дарамтыг бууруулна гэж амлаж ялсан ч өдгөө нэг хүнд ногдох өрийн хэмжээ 35 сая төгрөгт хүрлээ. Долоон жилийн өмнө тэд “Төрөө ч үгүй байгаа хүүхэд чинь 15 сая төгрөгийн өртэй байна” гэж хэлж, айлгаж байгаад олонх болсон шүү дээ. Мөн Засгийн газрын өр үлэмж өссөн ч түүгээр хийсэн бүтээн байгуулалт гэхээр зүйл алга. Энэ өдрүүдэд нийслэлд болж байгаа үер бол усны биш, авлигын үр дагавар” гэсэн бол иргэдийн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг Ардын намынхан алхам тутамдаа хааж, боомилж байгааг гишүүн Ш.Адьшаа шүүмжлэв.
Түүнчлэн малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр олноор нь барина хэмээсэн ч арьс, шир үнэгүйдсэн хэвээрээ байгааг гишүүн А.Адъяасүрэн онцолж, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх амлалтдаа хүрээгүй, харин ч бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, төлбөр, зээлийн хүү өссөнийг гишүүн Б.Бейсен санууллаа. Гишүүн С.Одонтуяа “Долоон жилийн өмнө залуучууд мөнгө олох гэж гадаад улс руу явдаг байсан бол одоо тэд эрүүл мэнд, аюулгүй амьдрах орчноо бодолцон, гэр бүлээрээ дүрвэж байна” гэсэн бол гишүүн Н.Ганибал “Нефть боловсруулах үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулна гэсэн ч 2026 он болж хойшиллоо. Мөн төсөвт өртөг нь хоёр дахин өссөн байна. Энэ нь эрх баригчдын хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой” хэмээн тодотгосон юм.
Бэлтгэсэн: Б.Уран