Нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хурлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар цахимаар удирдан, холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн юм.
Тухайлбал,
- Зуслангийн бүсийн нөхцөл байдал, хэчнээн айл өрхийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай судалгааг даруй гаргах,
- Голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул яаралтай арга хэмжээ авах,
- Цахилгааны унасан болсон унах эрсдэлтэй шонгийн тоон мэдээллийг тодорхой гаргах,
- “Тавантолгой түлш” ХХК-иас 20 мянган шуудай авахаар болсон бөгөөд холбогдох байгууллагуудад хүргүүлэх,
- Далан байгуулахад мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах,
- Туул голын нөхцөл байдал, усны түвшинд яаралтай дүн шинжилгээ хийх,
- Хүн хүч, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх,
- Үерийн эрсдэлтэй 18 байршлын нөхцөл байдлын мэдээллийг тодорхой гаргах,
- Сэлбэ голын урсцыг сайжруулах ажлыг яаралтай хийж, даланг аюул багатай газраар сэтлэх арга хэмжээ авах шаардлагатай байна. Иймд боломжтой байршлуудын мэдээллийг тодорхой болгох зэрэг үүрэг өглөө.
Зуслан чиглэлд бүх хэрэглэгчийн цахилгааныг таслаад байгаа бөгөөд иргэдийг цахилгаанд цохиулах, амь эрсдэхээс сэргийлж ажиллахыг үүрэг болгов. Мөн “Алтай” хотхоны гараашнуудаас автомашинуудыг гаргаж, усыг тогтоож, соруулсан гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн бүх байршилд хангалттай хэмжээгээр шороо, хайрга, элс бэлтгэх чиглэл өгөв. Мөн Туул голын усны түвшин нэмэгдэж, ай сав дагуу хүндрэл үүсэж болзошгүй байгаа тул дүүргүүдийн удирдлагууд, холбогдох байгууллагуудыг эрсдэлт байршлуудын мэдээллийг гаргахыг үүрэг болголоо.