Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ. Засгийн газраас 2023 оны зургадугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн "Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл", "Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан“, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн байна.
“Монгол Улсын Засгийн газар тайлант онд нэгдсэн төсвийн бодлогоо есөн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорилт дэвшүүлэн ажиллалаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1-д заасан тусгай шаардлагуудыг хангасан байна” гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа. Аудитаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого ба тусламжийн дүнг 17 их наяд 126.9 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 18 их наяд 159.6 тэрбум төгрөгөөр баталгаажуулжээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 2 их наяд 891.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1 их наяд 32.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 2.0 хувийг эзэлж байна. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулиар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцад хамаарах 6 их наяд 152.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 1 их наяд 393.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 1369 төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд аудит хийж, гүйцэтгэлийг дүгнэсэн гэдгийг танилцуулгадаа онцолсон.
Мөн Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 6618 санхүүгийн тайлан нэгтгэгдсэн бөгөөд төсвийн 57 ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Өөрчлөлтгүй 40, Хязгаарлалттай 17 дүгнэлт өгсөн байна. Дараа нь” Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсвийн гүйцэтгэл”, “Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан”-гийн талаар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцуулсан байна. Үүнд, Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд төсөвт байгууллага, төсөл, төрийн сангийн 5958, Засгийн газрын тусгай санг хамруулсан гэдгийг онцоллоо.
Мөн "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.7-д “Шаардлагатай гэж үзвэл Төсвийн зарлагын хяналтын дэд хороо улсын төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл боловсруулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно” гэсний дагуу "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.