Засгийн газрын 2023 оны 38 дугаар тогтоолоор “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороог байгуулж, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ахлан ажиллаж байна. Үндэсний хорооноос энэ оны эхний хагас жилийн байдлаар дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд "Шинэ Хархорум" хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэх эхний ээлжийн арга хэмжээний төлөвлөгөө (2023- 2025 он)-г боловсруулж батлав. Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны инситутээр гүйцэтгүүлж, хүлээн авав.
“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын дагуу “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг зохион байгуулж байна. “Шинэ Хархорум” хотыг нийслэл хот болон бусад хот, суурин газартай холбох авто зам, төмөр зам, нисэх буудлыг байгуулах урьдчилсан судалгааг, “Шинэ Хархорум” хотын цахилгаан хангамжийн судалгаа, төлөвлөлтийн хувилбарыг хийж, эхний байдлаар трасс, болон байршлыг тогтоов. Цаашид нарийвчилсан техник-эдийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлыг үе шаттайгаар хийх юм.