Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Гэхдээ үүнийг дагалдуулан боловсруулсан Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл “хэрүүлийн алим” боллоо. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Ганц өгүүлбэртэй уг өөрчлөлтөөр гадаадын аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын газрыг 60+40=100 жилийн хугацаатай олгохоор оруулж ирсэн. Одоогийн хуульд 5+5=10 жил байдаг. Монгол Улсын иргэдэд 15-60 жилээр эзэмшүүлдэг ба газрын захирамжийг дийлэнхдээ 15 жилээр гаргадаг. Монгол Улсынхаа иргэдэд 15 жилээр эзэмшүүлдгээ өөрчлөөгүй байж гадаад улсын иргэдэд газраа 100 жилээр ашиглуулах нь хэрхэвч шударга ёсны зарчим, үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцэхгүй. Ийм хөрөнгө оруулалтын бодлого байж таарахгүй. Энэ бол баяр наадам далимдуулж хүмүүсийн анхаарал суларсан үеэр хийдэг хуулийн хулгай” хэмээн эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
Хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын тухай хуулийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” хэмээн заасан бөгөөд үүнийг “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16.1.1-т заасан хугацаагаар газар ашиглуулж болно” гэж өөрчлөхөөр тусгажээ. УИХ-ын d.parliament.mn цахим хуудсанд нийтэлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 16.1.1-т “Газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” татварын бус урамшуулал олгож болохоор заасан байна.
Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд дээрх төслийг танилцуулж, гишүүдийн асуултад хариулсан Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Хөрөнгө оруулагчдад олгох татварын бус урамшуулал одоогийнхоороо үргэлжлэхээр тусгасан. Зарим хүн газартай холбоотой асуудлын талаар санаатайгаар буруу ташаа мэдээлэл гарган, мушгиж байгаа. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12.1.1-т “Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” боломжтой гэсэн заалт бий. Үндсэн хуульдаа гадаадын аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлж болохгүй гэж заасан учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа уг заалтаас “эзэмшүүлэх” гэдэг үгийг хассан юм” хэмээн тайлбарлав.
Бэлтгэсэн: Б.Уран