Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Мэйжи холдинг” компанийн хүүхдийн хуурай сүүнээс радио идэвхт цезий илэрчээ. Үүний улмаас 400.000 лааз хуурай сүүг буцаан хурааж байгаа юм байна. “Мэйжи холдинг” нь Токиогийн хойд хэсэгт орших Саитама мужид бүтээгдэхүүнээ борлуулдаг бөгөөд үйлдвэр нь цунамид өртсөн Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцаас 320 км зайд оршдог аж.
Сүүн бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээгээр 30.8 беккерель (радио идэвхт чанарыг хэмжих нэгж) илэрсэн бөгөөд энэ нь маш бага гэсэн үг. Японы Засгийн газраас тогтоосон максимум хэмжээ нь 200 беккерель юм (нэг килограммд ногдох хэмжээ). Хэдийгээр хор маш бага хэмжээтэй илэрсэн ч уг компани бүтээгдэхүүнээ татан авах нь зөв гэж үзжээ.
Цезий-137 нь хүний биеийн бүх эд эсэд, ялангуяа булчинд нэвтрэн ордог ч бусад радио идэвхт бодисуудыг бодвол хамгийн хурдан гадагшилдаг нь юм байна. Радио идэвхт цацраг нь нярай хүүхдэд илүү хор хөнөөлтэй байдаг. Учир нь хүүхдийн эд эс бусад хүмүүсийнхээс хоёр дахин хурдан өсдөг байна.
Х.ХАЛИУН