Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11 сарын 28-ны өдөр БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын мөрөөр Монгол Улсын төлөөлөгчид 2023 оны 5 дугаар сарын 4-9 ний өдрүүдэд БНХАУ-д албан томилолтоор ажиллаж, Хятад улсын цөлжилтийн төлөв байдалтай танилцаж тус Улсын Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газрын төлөөлөлтэй уулзсан юм.
Дээрх албан томилолтын хүрээнд хоёр тал хэлэлцэж БНХАУ-ын төлөөлөгчдийг Хамтарсан цөлжилтийн эсрэг судалгааны төв байгуулахаар Монгол улсад ажиллахыг урьсан. Урилгын дагуу 14 хүний бүрэлдэхүүнтэй судлаачдын баг 6 дугаар сарын 26-аас 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд Монгол улсад ажиллаж байгаа ба БНХАУ-ын ОУ-ын зөвлөх корпорацыг төлөөлөн Дэд профессор Жан Хаой И, БНХАУ-ын Ойн академийн профессор Ю Бао нарын эрдэмтэн судлаачдыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, болон холбогдох газар хэлтсийн дарга нар хүлээн авч уулзав.
Уулзалтаар ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Ой, бэлчээрийн газар хооронд байгуулсан “Гангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цөлжилтийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх” тухай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Монгол Хятадын Цөлжилтийг Сааруулах Хамтын Ажиллагааны Төв”-ийг байгуулах бэлтгэл ажлыг хангах, хамтарсан судалгааны багийг байгуулах, суурин ажиллах төлөөлөгч томилох, Монгол-Хятадын хамтын ажиллагааны төвийн байршил, цөлжилтийн судалгааны мониторинг цэг байгуулах газруудыг сонгох зэрэг асуудлыг хөндлөө.
Хоёр Улсын хил орчим цөлжилт, шороон шуурга ихээр үүсч байгаа ба үүнийг таслан зогсоох, туршилтын талбар болон төгөл байгуулах ажлыг эрчимжүүлж, богино хугацаанд үр дүнд хүргэхээр хоёр тал хамтран ажиллах юм. Энэ нь зөвхөн манай хоёр Улс биш Зүүн өмнөд Азийн Улс орнуудын асуудал болсон гэдгийг БНХАУ-ын Ойн академийн профессор Ю Бао онцолж байв.
Хамтарсан судалгааны багийн ажиллах хөтөлбөр, чиглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХА Ойн газар, ШУА-ийн дэргэдэх Газарзүй, геоэкологийн хүрээлэн, БНХАУ-ын судалгааны багтай хамтран боловсруулаад байна.