Одоо Д.Одбаярыг Цэцээс явуулахгүй юм уу, УИХ-ын дарга аа. Түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр улираан томилох гээгүй биз дээ, эрх баригчид аа. Энэ суудлыг хэнд хадгалаад байгаа юм бэ.
Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Д.Одбаярыг УИХ-аас нэр дэвшүүлэн, 2016 оны арваннэгдүгээр сарын 17-нд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийн хугацаа нь өнгөрсөн оны сүүлчээр дуусгавар болсон гэсэн үг. Гэхдээ Цэцийн гишүүний бүрэн эрх нь дараагийн гишүүнийг томилтол үргэлжлэхээр хуульчилсан тул тэрбээр ажлаа хийж л байна. Цэцийн гишүүнийг томилох эрх нь УИХ-д бий.
...Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Д.Одбаярыг УИХ-аас нэр дэвшүүлэн, 2016 оны арваннэгдүгээр сарын 17-нд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийн хугацаа нь өнгөрсөн оны сүүлчээр дуусгавар болсон гэсэн үг. Гэхдээ Цэцийн гишүүний бүрэн эрх нь дараагийн гишүүнийг томилтол үргэлжлэхээр хуульчилсан тул тэрбээр ажлаа хийж л байна...
УИХ-ын энэ удаагийн ээлжит чуулган ирэх баасан гарагт өндөрлөх бөгөөд Д.Одбаярын оронд хүн томилох, эсэхтэй холбоотой асуудал жагсаалтад алга. Үүнийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж болох ч өнөөдрийг хүртэл “хав дарсан” тус томилгоог хийх нь юу л бол. Өөрөөр хэлбэл, ирэх аравдугаар сард 2023 оны намрын ээлжит чуулган эхэлтэл тэрбээр бүрэн эрхээ хэрэгжүүлсээр байх бололтой. Ингээд үндсэндээ Д.Одбаяр Цэцийн гишүүнээр долоон жил ажиллаж мэдэх нь. Цаашид ийм байдлаар бүрэн эрхээ үргэлжлүүлсээр байхыг ч үгүйсгэхгүй.
Учир нь одоогийн хууль, эрх зүйн орчинд үүнийг зохицуулах заалт алга. Тиймээс ч бүрэн эрхийн хугацаа нь дууссан хүмүүсийг энэчлэн “хадсан” тохиолдол нэг бус. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор 2018 оны тавдугаар сард Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нарыг Цэцийн гишүүнээр томилж байв. Тэдэнд халаагаа өгсөн Н.Жанцан, Д.Наранчимэг нарын бүрэн эрхийн хугацаа хэдийн хэтэрч, долоон жил ажилласны дараа Ерөнхийлөгч дээрх хүмүүсийг нэр дэвшүүлсэн байдаг. Тухайн үеийн Төрийн тэргүүн эрх баригч Ардын намынхантай ойлголцож, тохиролцож чадаагүйгээс томилгоо хийлгүй, хойшлуулсан гэх хардлага ч байлаа.
Үнэндээ Д.Одбаяр огцрох болзлоо нэгэнт хангачихсан. Тус албанд томилогдоод, төд удалгүй онгоцны үйлчлэгчийн биед хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулианд холбогдож, Цэцийн даргаас чөлөөлөгдсөн юм. Манай улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд нь ёс зүйтэй, уучлал гуйж мэддэг сэн бол тэр өнөөдрийг хүртэл ингээд хөөгдөж, туугдаад суухгүй байсан биз. Буруугүй гэдгээ нотолж чадахгүй атлаа баахан тайлбар тавьж байсан тэрбээр өөрөө ажлаа өгдөггүй юм гэхэд ийм ичгүүргүй хэрэгт нэр холбогдсоных нь төлөө түүнийг нэр дэвшүүлсэн, томилсон субъектууд нь тэр даруй хариуцлага тооцох ёстой байв. Гэтэлбүр бүрэн эрхийн хугацаа нь дуусчихсан атал дараагийн хүнийг нь томилохгүй байгаагийн учир юу вэ.
Түүх сөхвөл, Цэцийн гишүүн Д.Сугарыг “сугалах” тухай яриа нэг хэсэг анхаарал татаж байв. Төрийн өмчийн хороог удирдаж явсан түүнээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Өмнөд Африкийн банканд барьцаалсан хэмээх хэргээс үүдэлтэйгээр хууль, хяналтын байгууллагынхан мэдүүлэг, байцаалт авах гэхэд Цэцийн гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал нь саад болж байсан гэдэг. Учир нь Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр (түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд) баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглодог. Тэдний халдашгүй байдал УИХ-ын гишүүнийхтэй адил гэсэн үг. Энэ мэтээс харвал Д.Одбаярыг “орогнуулах” газар нь Цэц болчихсон юм биш биз гэж бодоход хүргэж байна.
ЭМЭГТЭЙ ГИШҮҮНЭЭР БҮЛ НЭМЭХ ҮҮ
Мөн Цэцийн өөр нэгэн гишүүнийг Дээд шүүхээс санал болгох үйл явц энэ өдрүүдэд өрнөж буй. Цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн сард дууссан тул түүнийг санал болгосон Дээд шүүх дараагийн хүнийг томилуулахаар нэр дэвшигчдээс хүсэлт хүлээн авсан юм. Үүний дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлтээ хуульч Б.Гүнбилэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг, Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн Ажлын албаны захиргааны эрх зүйн зөвлөх Ч.Тунгалаг, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах нар Дээд шүүхэд ирүүлээд байв. Гэсэн ч хуульч Б.Гүнбилэг “Эмэгтэйчүүдийн манлайлал чухал. Төр, засгаасаа авхуулаад, нийгмийн салбар бүрт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал өндөр байх ёстой. Намайг Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгоход эмэгтэй хуульчдын оролцоо их байсан” хэмээн өрсөлдөөнөөс нэрээ татаж, бүсгүйчүүдэд боломж олгож буйгаа мэдэгдээд байна. Тэдний хүсэлтийг Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэн, нэгнийх нь нэрийг УИХ-д уламжлах юм. Өдгөө Цэцэд ганц эмэгтэй гишүүн байгаа нь Ш.Солонго. Дээд шүүх дээрх гурван бүсгүйгээс нэгийг нь санал болгож, улмаар УИХ хүлээн зөвшөөрч, томилбол Цэц эмэгтэй гишүүнээр бүл нэмэх юм.
Сануулахад, өнгөрсөн оны хоёрдугаар сард Дээд шүүх эл албан тушаалд нэр дэвшигчдээс хүсэлт хүлээн авч байсан ч түдгэлзүүлсэн билээ. Дээд шүүхийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4.4-т “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэх заалтыг үндэслэл болгон Н.Чинбатын оронд санал болгох хүний эрэлд гараад байсан хэрэг. Гэвч дээрх заалтад дурдсанаар “чөлөөлөгдөж болно” гэсэн нь чөлөөлөхгүй ч байж болно гэсэн үг хэмээх агуулга бүхий мэдээллийг нэр бүхий иргэн Цэцэд гарган, түүнийх нь дагуу маргаан үүсгэснээр эл үйл явцыг түдгэлзүүлсэн юм.
ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХ БОЛ
Түүнчлэн Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтийн дагуу өнгөрсөн долоо хоногт ажлаас нь чөлөөлөөд байна. Тэрбээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гарах болсон, гэр бүлийн гишүүнээ асрах шаардлага үүссэн тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ ёсоор болгосон нь энэ. Түүнийг өмнөх Ерөнхийлөгч нэр дэвшүүлж байсан тул одоогийн Төрийн тэргүүн орных нь хүнийг санал болгох юм.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хэнийг томилох вэ гэдэг нь үе үеийн эрх баригчид, засгийн эрхийг барьж буй намынхны шийдвэр байсаар ирсэн нь нууц биш. Хэдийгээр одоо УИХ болон Ерөнхийлөгчөөс санал болгон томилуулах ёстой нэг, нэг “орон тоо” Цэцэд байгаа ч тэрийг нь Ардын намынхан дүүргэнэ гэсэн үг. Өнөөдрийг хүртэл дүлэгнээд байгаа нь ч хэнийгээ томилж, “шагнах” вэ гэдгээ тодорхойлж амжаагүйтэй нь холбоотой биз ээ.