Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хурлаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг таницуулсан. Төсвийн тухай хуулийн 43 дугаар зүйлд төсвийн жил дамжин хэрэгжих арга хэмжээний зохицуулалт хэсэгт тухайн төсвийн жилд ашиглагдаагүй үлдэгдлийг дараагийн жилд үргэлжлүүлэн зарцуулж болохоор тусгасан бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ” гэж заасан байдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдав.
Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.7 дахь хэсэгт төрийн болон орон нутгийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төсвийн захирагчид хамаарахгүй” гэж заасан. Гэвч энэхүү заалтад эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэж буй сум, тосгоны эрүүл мэндийн төвийн асуудлыг орхигдуулсан байна. Үүнээс болж жил бүрийн санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд “Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт "Энэ хуулийн 7.7 дахь хэсэг төрийн болон орон нутгийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төсвийн захирагчид хамаарахгүй" гэж заасан нь сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хамааралгүй” гэх үндэслэлээр дансны үлдэгдлийг улсын төсөвт төвлөрүүлэх зөвлөмж, албан шаардлагыг байнга өгч байна. Иймд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, энэ хуулийн 7.7 дахь хэсэгт “төрийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төсвийн захирагч” гэсний дараа “сум, тосгоны” гэж өөрчлөлт оруулахаар төсөл санаачлагчид үзжээ. Ингээд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцүүлэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.