Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Азийн сангийн ерөнхийлөгч, хатагтай Лорел И.Миллертэй уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Азийн сан манай улстай сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хамтран ажиллаж, засаглалыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, жендерийн эрх тэгш байдлыг хангах, авлигатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон талын үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Улсын Их Хурлын Тамгын газар тус сантай 2021 онд Санамж бичиг байгуулж, иргэд, олон нийтийн парламентын талаарх мэдлэг, мэдээлэл, парламентын боловсрол, судалгаа, сургалтыг үйл ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах болон Улсын Их Хурлын нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг хамтын ажиллагааны чиглэлүүдийг тусган хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа. Үүний хүрээнд ойрын үед Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд хүний эрхийн хандлага, жендерийн мэдрэмж хангагдаж буй эсэх асуудлаар өөрийн үнэлгээ хийх чадавх бий болгох сургалтын хөтөлбөрийг хамтран явуулахаар төлөвлөж байна.
Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва болон Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Марк Кэйниг нар оролцсон байна.
Эх сурвалж: УИХ-ын ХМОНХГ