Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцсон Франц, Германы сайд нартай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэлцээ хийв. Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайд Катрин Колоннатай хийсэн уулзалт, хэлэлцээний үеэр сайд Б.Батцэцэг Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж, стратегийн түвшинд хүргэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр улсын Төрийн тэргүүн нарын тохиролцсон ажлыг эрчимтэй урагшлуулахаар ажиллаж буйгаа илэрхийлэв. Сайд К.Колонна Монгол Улсын Ерөнхийлөгчийн ирэх аравдугаар сард Франц улсад хийх төрийн айлчлалыг амжилттай зохион байгуулж, хоёр улсын стратегийн нийтлэг зорилтуудыг урагшлуулахад онцгойлон анхаарч байгаагаа онцоллоо.
ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бербоктой хийсэн уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Германы иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж, стратегийн түвшинд хүргэх зорилт болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн оны аравдугаар сард тус улсад хийсэн албан ёсны айлчлалаар тохиролцсон ажлуудыг үр дүнтэй, эрчимтэй хэрэгжүүлэхээр ярилцав. Ирэх онд Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох бөгөөд үүний хүрээнд хоёр орны харилцааны түвшнийг ахиулах ач холбогдолтой дээд, өндөр хэмжээний айлчлалыг харилцан хийхээр тохиролцлоо. Мөн ирэх намар болох хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны яриа хэлэлцээг үр дүнтэй явуулж, тодорхой тохиролцоонд хүргэхийн төлөө хоёр тал хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийг сэргээх чиглэлээрх хоёр талын яриа хэлэлцээг эрчимжүүлэхээр болов.