УИХ Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороо байгуулав. Өнгөрсөн оны тавдугаар сард парламент Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж, эмийн үнийг нарийвчлан судлах шаардлагатай гэх дүгнэлт гаргасан юм. Үүний дагуу хянан шалгах тухай төслийг Ж.Чинбүрэн нарын 28 гишүүн санаачилсан. Эрүүл мэндийн яам болон Азийн хөгжлийн банкны санаачилгаар 2017 онд “Монгол Улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнэ бүрдлийн судалгаа”-г ДЭМБ, Олон улсын эрүүл мэндийн үйл ажиллагааны байгууллагын стандарт, аргачлалын дагуу гүйцэтгэсэн байдаг. Судалгааны үр дүнд монголчууд хамгийн хямдыг нь хэрэглэдэг төдийгүй ерөнхий нэршлийн эмийн хүртээмж хангалтгүй байгаа нь тогтоогдсон билээ. Дээрх гишүүд эдгээр асуудлыг мөн нарийвчлан судлах шаардлагатай гэж үзэж буй.
Бэлтгэсэн: Б.Уран