Энэ удаагийн айлчлалын хүрээнд дараах баримт бичгийг байгуулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан шийдвэрлэхийг эрмэлзэж, эрчимжүүлэхээр санал нэгдлээ.
Эдгээрт хилийн Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар холбох, Эрдэнэбүрэнгийн болон Чойбалсангийн цахилгаан станцын төслийн зээлийн гэрээг сунгах асуудал багтав. Мөн Монголбанк болон Хятадын ардын банкны своп хэлцлийг сунгахаар хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэлээ. Үүний мөрөөр Засгийн газар хоорондын комисс ажиллаж, дэд ажлын хэсгүүд байгуулах юм.
1. Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр. Энэ нь хоёр улсын тээврийн салбарыг хөхиүлэн дэмжиж, харилцан уялдаатай, хөнгөвчилсөн нөхцөлөөр тээвэрлэх, төрлүүдийнх нь уялдаа холбоог хангах, хоёр улсын тээвэрлэгч нарт гуравдагч улс руу болон дамжин өнгөрөх шинэ боломж бүрдүүлэх юм.
2. Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай нэмэлт хэлэлцээр. Талуудын хооронд 2018 онд байгуулсан хэлэлцээрийн хугацааг сунгаж, улмаар төслийн хүрээнд мазаалайн амьдрах орчныг сайжруулах, тоо толгойг нь нэмэгдүүлэх, хамгаалахад чиглэсэн судалгааг илүү өргөн хүрээтэй, цогц байдлаар хийх юм.
3. Төрийн өмч ба төрийн өмчит аж ахуйн нэгжийн салбарт солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт, зохицуулах хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг. Энэ нь төрийн өмчит компанийн засаглал, нийгмийн хариуцлагын хэрэгжилт, технологийн инновац зэрэг чиглэлээр туршлага солилцох, олон салбарт харилцан ашигтай, бодитой хамтын ажиллагааг өрнүүлэхэд чиглэсэн баримт бичиг юм.
4. Монгол Улсаас БНХАУ-д угаасан ноос, ноолуур экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол болон Монгол Улсаас БНХАУ-д нядалгааны зориулалттай хонь, ямааг экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлгийн эрүүл мэндийн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол. Эдгээр нь энэ салбарын өмнөх хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, тэр дундаа мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын үйл ажиллагааг харилцан уялдаатай, хөнгөлөлттэй бөгөөд шуурхай, олон улсын стандартад нийцсэн нөхцөлөөр явуулах эрх зүйн үндсийг бий болгож буй.
5. Хамтран ажиллах тухай Монголын хөрөнгийн бирж, Шанхайн Хөрөнгийн Бирж хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг. Талууд хоёр улсын зах зээлийн мэдээлэл солилцох, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, хурал, семинар зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана.
Бэлтгэсэн: У.Наран