УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла долдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцож, хэлэлцээ хийнэ. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг бэхжүүлэх, манай улсын “оюун санааны хөрш”, бүс нутаг дахь чухал түнш Энэтхэг Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг бататгах, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд айлчлалын зорилго оршиж байна.