Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хэрэгжүүлж буй айлчлалын хүрээнд зургаадугаар сарын 28-ны өдөр “Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай нэмэлт хэлэлцээр”-т Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Худалдааны сайд Ванг Вентао нар гарын үсэг зурлаа.
Талууд хооронд 2018 онд байгуулсан хэлэлцээрийн хугацааг сунгаж, улмаар төслийн хүрээнд талууд мазаалайн амьдрах орчныг сайжруулах, мазаалайн тоо толгойг нэмэгдүүлэх, Монгол Улсын говийн мазаалайг хамгаалахад чиглэсэн судалгааг илүү өргөн хүрээтэй, цогц байдлаар хийх боломж бүрдлээ.
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр буюу зургаадугаар сарын 29-нд Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн форум, “Welcome to Mongolia” арга хэмжээгээр үргэлжилж байна.