Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу хөгжлийн зорилтот хөтөлбөрт хамаарч байгаа юм бйана. Хөтөлбөрийн төслийг Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг боловсруулсан бөгөөд хөтөлбөрийн төслийг авлигатай тэмцэх талаарх төрийн бодлого, эрх зүйн орчин, үйл ажиллагааг цогцоор авч үзэн, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх зарчмыг баримтлахын зэрэгцээ Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газраас 2023 онд зарласан авлигатай тэмцэх “5Ш ажиллагаа” зэрэг арга хэмжээтэй уялдуулан тодорхойлсон байна.
Хөтөлбөрийн төсөлд нийт 10 зорилго, 46 зорилт, түүнийг хэрэгжүүлэх 203 үйл ажиллагааг тусгажээ. Хөтөлбөрийн хүрээнд тодорхойлсон нийт үйл ажиллагааг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээлэл, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаанд түшиглэн хэрэгжүүлэх юм байна. Үр дүнд нь нийтийн албаны авлигын түвшний олон улсын үнэлгээгээр оноо жил бүр өсөж, улсын төсөв тэлэх, иргэдийн төрийн байгууллага, төрд итгэх итгэлийн түвшин нэмэгдсэн, иргэдийн орлого өссөн, авлигыг үл тэвчих соёл, шүгэл үлээх тогтолцоо бэхжинэ хэмээн төсөл санаачлагч үзжээ.
Түүнчлэн Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индексээр 180 орноос Монгол Улс 2017 онд 103, 2018 онд 93, 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд 110, 2022 онд 116 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Энэхүү авлигын төсөөллийн индекс нь манай улсын авлигын түвшинд өгч буй олон улсын байгууллагын үнэлгээ бөгөөд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр энэхүү үнэлгээнд ахиц гарах ач холбогдолтой гэж үзсэн байна.
Улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгох нь даамжирч, иргэдийн боломжийг хязгаарлан, эдийн засаг, нийгэм, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт тэгш бус байдлыг үүсгээд байна. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах эдгээр зохисгүй нөхцөл байдлыг таслан зогсоох, авлигатай тэмцэх тэмцлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд урт ба дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар онцолсон юм.
Иймд дээрх бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, авлигын төсөөллийн индексэд ахиц гаргах, түүнчлэн Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжих хугацаа 2023 дуусаж байгаатай холбогдуулан авлигатай тэмцэх ажлыг үргэлжлүүлэн эрчимжүүлж, дараагийн хөтөлбөрийг батлах хэрэгцээ, шаардлагыг үзэл баримтлалд тодорхойлж, түүнд нийцүүлэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон хөтөлбөрийн төслийг боловсруулжээ.