Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ц.Идэрбат, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов. Тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.
Засгийн газраас 2023 оны зургадугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр тогтоолоор “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан Мал эмнэлгийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасныг салбарын сайд танилцуулгадаа дурдаад мөн уг тогтоолоор “... Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгуулллагуудын жагсаалтад “Мал эмнэлгийн алба”-ыг нэмж оруулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасныг онцолсон.
Түүнчлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын 2 дахь заалтын 4 дэх дэд заалтад “...өндөр ашиг шимт малын үр хөврөлийг гадаад улсаас нэгдсэн бодлогоор авах, үржил селекцийн ажилд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, малын удмын санг хамгаалах, мал үржүүлэг, технологийн ажлыг эрчимжүүлэх...;” арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан гэв.
Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах талаар салбарын хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдээгүйгээс мал, амьтны гоц халдварт өвчний гаралт, тархалт нэмэгдэх, малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл олгоход тавих тусгайлсан нөхцөл, шаардлага тодорхой бус байгаагаас малыг өөрийн дур зоргоор үржилд ашиглаж, үүний улмаас малын үүлдэрлэг байдал, тэсвэрт чанар алдагдах, бие давжаарах, ашиг шим буурах нөхцөл байдал үүсээд байна. Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор мал аж ахуйн салбарын харилцааг зохицуулж байгаа Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан гэж танилцуулгад дурдсан байлаа.
Хуулийн төсөл батлагдсанаар хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бодлогын баримт бичигт тусгагдсан хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, амьтны эрүүл мэнд, малын удмын санг хамгаалах, баталгаажуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох талаарх зорилтууд хэрэгжих, мал эмнэлгийн хяналтын нэгдсэн тогтолцоо бий болж, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах худалдааны түнш орнуудын шаардлагыг хангах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ төрийн байгууллагууд давхардуулан гэрчилгээ олгодог явдал үгүй болж, бизнес эрхлэх таатай орчин орчин бүрдэж, иргэдийн эрхийн баталгаа сайжирна гэдгийг Х.Болорчулуун сайд танилцуулгадаа онцолсон.
Мөн тэрбээр, хуулийн төсөлд мал амьтны гоц халдварт өвчний онош баталгаажаагүй үед олон нийттэд мэдээллийг хориглосон бөгөөд онош баталгаажсан нөхцөлд тухайн малын эмч орон даяар мэдээлэхээр зохицуулсан гэдгийг хариултдаа онцлохын зэрэгцээ малын гоц халдварт өвчин нэмэгдэж буй гол шалтгаан нь малын дархлаажуулалт урьдчилан сэргийлэх вакцины төсвийн санхүүжилтийг багасгаж ирсэн явдал болон малын эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээний хөлс хэтэрхий бага тогтоосонтой холбоотой. Тухайлбал, нэг үхэрт урьдчилсан сэргийлэх тарилга хийхэд 200 төгрөг байсныг 400 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Гэсэн хэдий ч мянган үхрийг вакцинжуулахад зарцуулах ажиллах хүч, шатахуун тос зэрэг бусад үйлчилгээний зардалтай харьцуулан тооцохоор малын эрүүл мэндийн үйлчилгээний хөлс хэтэрхий бага байгаагаас сум орон нутагт мал эмнэлгийн үйлчилгээ хөгжихгүй байна гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
Салбарын яам мах экспортлох асуудлыг квотгүй болгох, “Нэг цонх”-ны цахим үйлчилгээг нэвтрүүлэх бодлогыг баримталж байгаа. Ингэснээр өнгөрсөн онд 16 мянган тонн мах экспортолж байсан бол 2023 оны эхний хагаст гэхэд 40 мянган тонн мах экспортлоод байгаа төдийгүй Арьс ширний цогцолбор ашиглалтад орох хүртэлх хоёр жилийн хугацаанд бүх төрлийн арьс ширийг экспортлох шийдвэрийг гаргуулан ажиллаж байгааг салбарын сайд хариултдаа онцолсон.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эскпортыг төрөөс тууштай дэмжих нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин мал эмнэлгийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, малын эрүүл мэндийг хамгаалах дархлаажуулалт болон мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг тухайн жилийн инфляцтай уялдуулан тогтоох зохицуулалтыг холбогдох хуулийн төсөлд тусгахад салбарын яам анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.
Ингээд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.