Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар зургадугаар сарын 29-30-ны өдрүүдэд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг анх удаа зохион байгуулна. Уулзалтад 19 улс, НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын төлөөлөгчид оролцоно. Монгол Улсын дэвшүүлсэн энэхүү санаачилга нь жендэрийн тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, адил тэгш боломжоор хангасан тогтвортой нийгмийг цогцлоох үйлсэд хувь нэмрээ оруулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангаснаар гарахад эерэг үр нөлөө үзүүлэх, олон улсын харилцаанд эе эвийг эрхэмлэсэн түншлэл, хамтын ажиллагаа, бүх нийтийн сайн сайханд чиглэсэн феминист гадаад бодлогыг урагшлуулахад бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтаар Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Хүнсний аюулгүй байдлыг хангах, Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцооны талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлнэ.