“Хөрс, хүнс, хүн тойрсон асуудал, шийдэл” хэлэлцүүлгийг өчигдөр ШУА-ийн эрдэмтэн, судлаачид зохион байгууллаа. Хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал, пестицидийн хэрэглээ, хяналт, зохистой хэрэглээ тойрсон асуудлаар эрдэмтэд энэ үеэр хэлэлцсэн юм. ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид “Хүн амын эрүүл мэнд нь хүнс болон хүрээлэн буй орчноос бүрэн хамааралтай. Хүнсний хангамжийн 40 болон түүнээс дээш хувь нь импортоос хамааралтай болбол хүнсний бие даасан байдал алдагдсан гэж үздэг. Манай улсын хувьд энэ үзүүлэлт аль хэдийн дээрх босгыг давжээ. Хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй цаг уурын өөрчлөлтөд дасан зохицож, хүнсний таримал ургамлын шинэ сортуудыг богино хугацаанд хөгжүүлэх нь чухал. Ингэснээр өнөөгийн хүн амын хүнсний хэрэгцээг бүрэн хангана” гэсэн юм. Түүнчлэн академич Ш.Болд “Монгол эмч, маарамбуудын монгол, хятад, төвөд хэлээр бичсэн, орчуулсан эртний судраас хүнсний зохистой хэрэглээ, шим тэжээлтэй холбоотой мэдээллийг тодруулах нь” сэдвээр илтгэл тавилаа. Органик хүнсний асуудал, генетикийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн, ухаалаг хөдөө аж ахуй, хүнсний хаягдал, таргалалт зэрэг олон чухал сэдвийг хөндсөн уг хэлэлцүүлгийн үр дүнд санал зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх аж. Ингэснээр судалгаануудын үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэхэд дөхөм болохыг эрдэмтэд онцоллоо.