Хятадын Тяньжин хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ оролцож, Давосын эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Клаус Швабтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт, далайд гарцгүй орнуудад тулгарч буй асуудал, авлигын эсрэг олон улсын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
“Зуны Давос” чуулга уулзалтын нээлтэд Давосын эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Клаус Шваб, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар үг хэлэхдээ ковид цар тахлын дараа эдийн засгийн форум болж байгааг тэмдэглэв. Мөн дэлхийд тулгарсан энэ сорилтыг даван туулахад эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал хэрэгтэйг онцолж байлаа.
Чуулга уулзалтаар дэлхийн эдийн засгийн төлөв байдал, технологийн дэвшил, тогтвортой хөгжил зэрэг өргөн хүрээний асуудлаар төр засгийн тэргүүнүүд болон томоохон хөрөнгө оруулагчид, үндэстэн дамнасан корпорациудын захирал, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн зүтгэлтнүүд санал солилцдог. Энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Вьетнамын Ерөнхий сайд Фам Минь Жинь, Шинэ Зеландын Ерөнхий сайд Крис Хипкинс, Барбадосын Ерөнхий сайд Миа Моттли нар хүндэт зочноор оролцож байна.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Зуны Давос” чуулга уулзалт “Бизнес эрхлэх нь: Дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч” сэдвийн дор үргэлжилж байна.