Говь-Алтай аймгийн Бугат суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг зогсоожээ. Зургадугаар сарын 26-ны 21:00 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн байна. Өвчтөний 1, 2 дугаар хавьтлыг яаралтай олж тогтоон тусгаарлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Дээрх нөхцөлөөс шалтгаалан аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг зургадугаар сарын 27-ны өдрийн 02:00 цагаас долдугаар сарын 3-ныг хүртэл хязгаарлаад байна. Харин Говь-Алтай аймаг руу орох хөдөлгөөн нээлттэй ч хөл хорионы үед аймгаас гарахгүй. Мөн Бугат суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж 2023 оны зургадугаар сарын 27-ны 01:00 цагаас орох гарах хөдөлгөөнийг зургаа хоногийн хугацаатай бүрэн хязгаарлана.