УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Боловсролын ерөнхий хуулийн хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн гадаад хэлний сургалттай холбоотой заалтыг хэлэлцжээ. Ингэхдээ сургалтын хөтөлбөрийн хүрээнд буюу англи хэлийг хамгийн эхэнд, бусдыг нь сонгон суралцаж болно гэж санал нэгдсэн байна. Хүүхдийн нас, бие, сэтгэхгүй, багш, боловсон хүчин, сургалтын материаллаг баазаас шалтгаалж хэддүгээр ангиас гадаад хэлийг сонгон суралцахыг боловсролын байгууллага шийдвэрлэх ёстой хэмээн олонх нь үзжээ. Үүний тухайд тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Англи хэлтэй холбоотойгоор үүссэн эл асуудлын мөрөөр ҮАБЗ зөвлөмж гаргасан. Энэ нь аль нэгэн хэлийг онцгойлон дурдаж хуульчлах хэрэггүй гэсэн агуулгатай. Тиймээс Боловсролын ерөнхий хуульд заах бус, сургалтын хөтөлбөрт буй англи хэлийг гуравдугаар ангиас суралцах зохицуулалтыг мөрдөх нь зүйтэй гэж үзсэн. Харин боловсролын салбарын хүний нөөц, англи хэлний багш бэлтгэхэд анхаарал хандуулах чиглэлийг манай бүлгийн зүгээс өгч байгаа” хэмээн тодотгов.
Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, хэд хэдэн зүйлд анхаарал хандуулах нь зүйтэй хэмээн санал нэгдсэнийг бүлгийн дарга нь уламжилсан юм. Нэгдүгээрт, нам байгуулж, бүртгүүлэх үйл явцыг Сонгуулийн ерөнхий хороо хянахаар төсөлд тусгасныг өөрчилжээ. Өөрөөр хэлбэл, өргөдлөө шууд Дээд шүүхэд өгч бүртгүүлдэг байх заалтыг тэд дэмжив. Хоёрдугаарт, намын статусыг идэвхгүйд тооцох зохицуулалтын тухайд “Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөд намуудыг хариуцлагажуулж, санхүүжилтийг нь ил тод болгохоор тусгасан. Тодруулбал, УИХ-ын сонгуульд хоёр удаа оролцоогүй, төлөөллийн төв байгууллага нь хуралдаагүй, сүүлийн хоёр жилд санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар хянуулаагүй тохиолдолд идэвхгүйд тооцох юм. Мөн төрийн болон хувийн аудитын байгууллагууд намын санхүүгийн тайланд жил бүр аудит хийж, Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтээ хүргүүлэхээр тусгасан. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийнхний саналыг дэмжлээ” хэмээн тодотгов. Түүнчлэн “Нэр дэвшигчдэд намаас нь тавих шаардлага ил тод байх ёстой. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн төслийн 19 дүгээр зүйлд нам бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулдаг хороотой байхаар тусгасан. Тус хороо нь шударга, ёс зүйтэй, хариуцлагатай хүнийг сонгон шалгаруулна. Намын төлөөллийн байгууллага нэр дэвшигчтэй холбоотой журам гаргахаар нарийвчлан орууллаа” гэв.
Энэ өдөр АН-ын бүлэг хуралдах байсан ч гишүүдийнх нь ирц бүрдсэнгүй.
Бэлтгэсэн: Б.Уран