“Вагнер” хувийн цэргийн компанийн эзэн Евгений Пригожины эсрэг үүсгэсэн Эрүүгийн хуулийн 279-р зүйлд заасан ("Зэвсэгт бослого") эрүүгийн хэрэг хүчин төгөлдөр хэвээр байна. Энэ тухай өнөөдөр “Коммерсант” мэдээлэв.
Тус хэвлэлд бичиж буйгаар ОХУ-ын Мөрдөх товчоо эрүүгийн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр хэрэг үүсгэх шийдвэрийг хүчингүй болгоогүй тул “Вагнер” компанийн эзэн Евгений Пригожин мөрдөн шалгах шатанд байгаа гэсэн үг юм.
“Вагнер” хувийн цэргийн компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин зургаадугаар сарын 23-ны өдөр өчигдөр хийсэн мэдэгдэлдээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тушаал өгснөөр вагнерчуудын хуаранд пуужингаар цохилт өгч, олон хөлсний цэргүүдийг алсан тул "шударга ёсны марш" эхлүүлж, “өшөө авах” тухай ярьсан.
Улмаар Оросын Холбооны Аюулгүй байдлын алба Пригожиний эсрэг зэвсэгт эргэлт хийхийг завдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
ОХУ-ын батлан хамгаалах яам хариу мэдэгдэлдээ Вагнерын цэргүүдэд цохилт өгснөө үгүйсгэж, үүнийг “өдөөн хатгалга” гэж нэрлэжээ.
“Вагнер”-ын цэргүүд Оросын Ростов-на-Дону хотын засаг захиргааны байр, нисэх буудлыг хяналтандаа авч, цэргийн техник хэрэгслийн цуваа Москваг чиглэсэн юм. ОХУ-ын зарим бүс нутагт, тэр дундаа нийслэлд терроризмын эсрэг ажиллагаа горимыг нэвтрүүлсэн.
Зургаадугаар сарын 24-нийхоо орой Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн зуучлалаар Евгений Пригожин Оросын холбооны засгийн газартай тохиролцоонд хүрч, Вагнерын цэргүүдээ байрлалд нь буцаах тушаал өгсөн.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песковын мэдэгдсэнээр Пригожинд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,түүнийг Беларусь руу явах боломжтой гэсэн юм.