Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг мандал уулын аймаг, Богдхан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт долдугаар сарын 26-31-ний өдрүүдэд тэмдэглэнэ. Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам Говь- Алтай аймагт наймдугаар сарын 1,2-ны өдрүүдэд болно.
Архангай аймаг: Архангай аймаг сумдын наадмыг нэгдсэн зохион байгуулалттай тэмдэглэхээр төлөвлөж, 100 жилийн ойг тэмдэглэх, бэлтгэл ажлыг зохион байгуулах зургаан салбар хороог аймгийн Засаг даргын захирамжаар байгуулжээ. Долдугаар сарын 1-нээс сарын туршид өдөр бүр үйл ажиллагаа зохион байгуулахдаа урлаг соёлын хөтөлбөрийг төрөл жанраар нь тусгайлан тоглолттой, явуулын цирк, амьтны хүрээлэн байхаас гадна 31 төрлийн хоолны сонголттойгоор иргэд, жуулчдад үйлчилнэ. Мөн 20 мянган хүний багтаамжтай “Ара комплекс” аялал жуулчлал, хөдөө аж ахуйн цогцолборыг барьж дуусган, тохижилтын ажилдаа оржээ. Архангай аймгийн хэмжээнд тэгш ойтой Их тамир, Тариат, Хашаат, Хотонт, Цахир, Цэнхэр сумын наадам долдугаар сарын 16-18нд болно. Харин аймгийн 100 жилийн ойг долдугаар сарын 26-28-нд тэмдэглэнэ.
Завхан аймаг: Завхан аймгийн баяр наадам долдугаар сарын 10-12-нд болно. Тэгш ой тохиож байгаа Завханмандал, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Яруу сумдын ой наадмын дараа зохион байгуулна. Харин аймгийн 100 жил долдугаар сарын 30-31-нд болно. Аймгийн 100 жилийн ойг угтан Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” зорилтод үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ урлаг, соёлын хөтөлбөрүүдийг төлөвлөж байна.
Хэнтий аймаг: Хэнтий аймгийн тэгш ой тохиож байгаа Баян-Адрага, Баян-Овоо, Биндэр, Галшар, Дадал, Жаргалтхаан, Мөрөн, Өмнөдэлгэр сумдын наадам долдугаар сарын 19-20-нд болно. Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадам ирэх сарын 27-28-нд төлөвлөгдөж байна. Ойн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр найман аваргын цэцэрлэгт хүрээлэнд хөгжмийн аяар оргилдог усан оргилуур байгуулна. Мөн аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил үргэлжилж байна. Хурдан морины уралдаан зохион байгуулна.
Төв аймаг: Төв аймгийн 100, Зуунмод хотын 81 жилийн ойн баяр наадамд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглоно. Тус аймгийн Баяндэлгэр, Баянжаргалан, Мөнгөнморьт сумын наадам долдугаар сарын 10-12, Дэлгэрхаан,Заамар, Эрдэнэсант сумын наадам долдугаар сарын 21-23ны өдрүүдэд зохион байгуулагдана. Харин Төв аймгийн 100 жилийн ойг ирэх сарын 27-29-ний өдрүүдэд тэмдэглэнэ. Ойн хүрээнд "Миний нутаг" яруу найргийн наадам, "Цэмцгэр 100 мод" аянаас гадна наадмын хөтөлбөрт урлаг, соёлын үйл ажиллагаа, бөхийн барилдаан, морины уралдаан зохион байгуулна.
Говь-Алтай аймаг: 100 жилийн ойн хүрээнд долдугаар сарын 15,16-ний өдрүүдэд хоёр хувилгаан сэнтийд залрах “Даншиг” наадмыг зохион байгуулахаас гадна “Жангар” залуучуудын фестивалыг наймдугаар сарын 4,5-ны өдрүүдэд Дөргөнө нуурын орчимд зохион байгуулна.