"Нүүдэлчдийн ёс зүй, соёл хоорондын харилцан ойлголцол" олон улсын эрдэм шинжилгээний хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн (IISNC), Нүүдэлчдийн судалгааны комисс (Commission on Nomadic Peoples), Монгол Улсын Их сургуулийн Монгол Судлалын Хүрээлэн, Монголын антропологийн холбоо, Виннипегийн Их сургууль, Оксфордын Их сургууль, ЮНЕСКО хамтран "Нүүдэлчдийн ёс зүй, соёл хоорондын харилцан ойлголцол" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Тус хурлаар нүүдэлчид гэгдэх хүмүүсийн ёс зүй, ёс суртахууныг нээн судлах, нүүдэлчдийн ёс зүй, соёл хоорондын харилцан ойлголцолд ямар хувь нэмэр оруулсныг судлан шинжлэх зорилготой юм. Түүнчлэн хурлын үр дүнд нүүдэлчдийн ёс зүйг тухайн соёлын орчинд, итгэл үнэмшлийн хүрээнд, амьдрал дээр хэрэгжиж буй байдал, онолын түвшинд авч үзэж, Дотоод Ази төдийгүй даян дэлхийд нүүдлийн нийгэм соёлыг хэрхэн өөрчилж, бүтээж, дахин зохион байгуулж байгаа талаарх сэдвүүдийг хөндөж байна.
Энэхүү хурлыг тохиолдуулан өнөөдөр 18:00 цагт, Монголын Уран зургийн галерейд “ГАРВАЛ” үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнгээр залуу уран бүтээлчдийг уламжлалт соёл, эртний мэргэн ухааныг хослуулсан уламжлал ба орчин үеийн нарийн огтлолцол бүхий уран бүтээлтэй танилцах боломж бүрдэнэ. Мөн оюун санаа, соёлын гүн залгамж чанар, нүүдэлчдийн амьдралын хэв маягийн эрч хүчийг мэдрэх боломжтой. Энэхүү үзэсгэлэнг Буриадын Амгалан Ринчинэ, Киргизстаны Ынтымак Абдылдаев нар дэглэнэ.