УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бэх нь хатаагүй шахам байна. “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэгчээр үнэмлэхүй олонхтой парламентад цөөнхөөс дэвшүүлсэн саналуудаас “унасан” нэгнийг нь нэхэн бичиж буй нь учиртай. Үнэндээ тойрогт нэр дэвшигч өрсөлдөгчдөөсөө хамгийн олон санал цуглуулсан ч нийт сонгогчийн 28 хувийн дэмжлэг аваагүй бол дахин санал хураана гэсэн АН-ын хувилбарыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийнхэн босго давуулаагүй юм билээ. Тиймээс ч энэ тухай бараг хөндөлгүй өнгөрөв. Эцэст нь сонгуулиар саналаа өгсөн хүмүүсээс хамгийн их дэмжлэг хүлээсэн нэр дэвшигч нь тухайн тойрогт ялдаг дүрэм хэвээрээ үлдлээ.
...Ингээд ерөнхийд нь харвал нийт сонгогчийн гуравны нэг буюу 33.4-өөс ихгүй хувийн дэмжлэг хүлээж, гишүүн болсон 31 хүн өдгөө хууль тогтоож байна. Энэ нь УИХ-ын нийт гишүүний 40 хувь гэсэн үг...
Үүнтэй холбоотойгоор хэдэн тоо онцолъё. УИХ-ын өнгөрсөн сонгуулиар гурван нэр дэвшигч л тойргийн сонгогчдынхоо талаас илүү хувийнх нь саналыг авч, хууль тогтоогч болсон байна. Тодруулбал, О.Цогтгэрэл (26 644 санал), У.Хүрэлсүх (25 356) нар тус бүр 51, Л.Оюун-Эрдэнэ 50.6 (25 169) хувийн саналыг тойргийнхоо нийт сонгогчоос авчээ. Харин одоогийн парламентад тойргийнхноосоо хамгийн бага санал авч “орж” ирсэн хүн бол С.Одонтуяа. Тэрбээр Баянгол дүүргийн 27 143 сонгогчийн буюу тухайн сонгуульд оролцсон иргэдийн 26.2 хувийн санал авсан байна. Энэ нь тухайн тойргийн нийт сонгогч буюу нэрийн жагсаалтад бичигдсэн хүмүүсийн тавны нэгийнх нь л дэмжлэгийг хүлээсэн гэсэн үг. Гэхдээ АН-аас санал болгосон 28 хувийн босгыг давахааргүй нийт 12 гишүүн (Г.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, Ц.Туваан, Н.Энхболд, С.Ганбаатар, Б.Саранчимэг, Э.Бат-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Т.Доржханд) өнөөгийн УИХ-д бий. Ингээд ерөнхийд нь харвал нийт сонгогчийн гуравны нэг буюу 33.4-өөс ихгүй хувийн дэмжлэг хүлээж, гишүүн болсон 31 хүн өдгөө хууль тогтоож байна. Энэ нь УИХ-ын нийт гишүүний 40 хувь гэсэн үг. Сонгогчдын олонхын биш юм гэхэд гуравны нэгийнх нь ч саналыг авч чадаагүй гишүүд ард түмнийг төлөөлөх нь зөв үү.
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн анхны сонгуулийн ирц 90 гаруй хувьтай байв. Харин орон нутгийн сонгуулийнх 70 орчим хувьтай байсан гэдэг. Үүнээс хойш бүх төрлийн сонгуулийн ирц тогтмол буурсаар буй. Түрүүлж зохион байгуулдаг тул УИХ-ын сонгуульд оролцох сонгогчдын идэвх бусдаасаа өндөр байдаг гэж хэлж болно. Тодруулбал, УИХ-ын сонгуульд санал өгсөн иргэдээс орон нутгийнхад 10-15, Ерөнхийлөгчийнхөд 4-5 хувиар бага оролцож иржээ. Ийнхүү сонгогчдын ирц жил ирэх тусам буурч байгаа үед саналаа өгсөн хэдээс нь арай ахиу дэмжлэг авсан нэгнийг “ялагч бүхнийг авна” гэх зарчмаар УИХ-ын гишүүн болгож буйгаа эргэж харах цаг болсон мэт. “Ард түмний төлөөллийн байгууллага” гэх парламентын мөн чанарт нийцэж буй, эсэх нь чухал ч ирэх жилийн сонгуулиар илүү санал авсан нь УИХ-ын гишүүнээр сонгогдох нь.
Ард түмнээс шууд сонгогдсон нь, эсвэл хэн нь олон сонгогчийг төлөөлж байна вэ гэдгээрээ УИХ-ын гишүүд ялгардаг нь нууц биш. Жишээ нь, 2012 онд холимог тогтолцоогоор явуулсан сонгуулиар пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хувилбараар сонгогдсон 28 гишүүнд “Намын нэрээр гарч ирсэн хүмүүс. Та нарыг бодвол бид тойрогтой, сонгогчтой түшээд” гэх үгийг нөгөө 48 нь үе үе шиддэг байлаа.
Мөн парламентын гишүүн болсон хойноо “Чамайг бодвол би төдөн хүний санал авсан” хэмээн бие биеэ “дээрэлхэх” нь бий. Өөрөөр хэлбэл, тухайн гишүүний ард хэдэн сонгогч байгаа вэ гэх ялгаварлал хэдийн үүссэн гэсэн үг. Тэр хэмжээгээр улс орныг хамарсан нэгдмэл, цогц бодлого урагшлах уу, жалга дов тойрон улстөржих үү гэдэг нь хамаардаг. Дээр дурдсанчлан бага хувиар сонгогдсон гишүүд ингэж “онгирч” чадах болов уу.
Гэхдээ УИХ-ын сонгуулийн тойргийн хуваарилалтад ихээхэн асуудал бий. Үүнийг сонгууль бүрээр ярьж, шүүмжилдэг ч өөрчлөлгүй, өнөөдрийг хүргэв. Жишээ нь, 2020 оны байдлаар хамгийн цөөн сонгогчтой тойрог нь Говь-Алтай аймаг. 37.4 мянган сонгогчтой тус тойргоос УИХ-ын хоёр гишүүнийг сонгосон. Тэгвэл үүнтэй ижил мандаттай Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрог 110 мянга гаруй сонгогчтой. Говь-Алтайгаас бараг гурав дахин олон сонгогчтой атал тус тойргийг төлөөлөн хоёр гишүүн УИХ-д ажиллаж буй. Аймгаасаа 14.8 мянган хүний буюу нийт сонгогчийн бараг 40 хувийн дэмжлэг авч, парламентад сонгогдсон гишүүн Б.Энх-Амгалангийнхаас даруй 2.5 дахин их саналыг Б.Энхбаяр дүүргээсээ цуглуулсан байх жишээтэй. Гэвч Б.Энхбаярт өгсөн 36.3 мянган санал нь 22 дугаар тойргийн нийт сонгогчийн 33 хувьтай л тэнцэнэ.
Мөн өнгөрсөн сонгуулиар хамгийн олон буюу 53.6 мянган хүний санал авч, гишүүн болсон хүн бол Н.Учрал. Гэхдээ тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нийт сонгогчийн олонхынх нь дэмжлэгийг аваагүй. Харин 50-иас дээш хувийн дэмжлэг авсан хэмээн эхэнд онцолсон гурван гишүүн тус бүр 25-26 мянган санал цуглуулсныг анзаараарай. Тэдний авсан санал нь Н.Учралынхаас хоёр дахин цөөн байгаа биз. Үнэндээ Н.Учралын авсан “оноо” Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон зэргийг эс тооцвол бусад 15 аймаг тус бүрийн нийт сонгогчоос ч өндөр байгаа юм. Тэгээд ч 28 дугаар тойрог нь Баянгол дүүргийг эс тооцвол хамгийн олон буюу 114.7 мянган сонгогчтой, гурван мандаттай. Гэтэл ийм тооны мандаттай атлаа 50 мянга ч хүрэхгүй сонгогчтой аймаг нь Хэнтий. 2012 оны сонгуулиар олонх болсон АН-ын УИХ дахь бүлгийг удирдаж байсан хүн нь улайм цайм лоббидож, их эзэн Чингис хааны төрсөн нутаг, Хэнтий аймгийн сонгуулийн мандатыг нэмж, гурав болгосныг зарим уншигчид тод санаж буй нь лавтай.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд долоон удаа сонгууль явуулахдаа Улаанбаатараас хамгийн ихдээ 28 гишүүн сонгож байв. Ер нь томсгосон, жижгэрүүлсэн мажоритар болон холимог хувилбарын аль нь ч бай өнгөрсөн найман удаагийн сонгуульд нийслэлд хамгийн ихдээ ийм тооны мандат олгожээ. Харин 2020 оны сонгуулиар нийслэлийн 28 мандатаас дөрвийг нь хасаж, нэг мандаттай Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булган гэсэн дөрвөн аймагт нэг нэгээр нь хуваарилсан юм.
Нийслэлийн хүн амтай харьцуулбал угаас цөөдөж, чамлагдаж байсан мандатыг нь Улаанбаатараас хасаж, хумсалчихсан хэрэг. Ирэх сонгуулиар 126 хүнийг УИХ-д сонгоно. Тойргоос сонгогдох гишүүний тоо хоёроор нэмэгдэж, 78 болсон. Гэвч одоогийнх шиг, хотоос 24 гишүүн сонгосон хэвээр байх уу, эсвэл бүр цөөлөх үү гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Тойргуудад мандатын тоог хуваарилахдаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргааны нэгжийг харгалзаж ирсэн гэдэг. Гэвч манай үе үеийн шийдвэр гаргагчид хүн амын тоог хамгийн сүүлд тавьсаар буйг дээрх тоо, харьцуулалтууд хэлээд өгчихнө. УИХ гэдэг байгууллагыг ард түмний төлөөлөл, тэдний дуу хоолойг хүргэх хүмүүс бүрдүүлдэг. Чухам үүнд парламентын мөн чанар оршиж буй. Тэнд сонгогдох гишүүн хүн амын төлөөллийг жигд хангасан байх учиртай. Хөдөөнөөс сонгогдсон гишүүд Улаанбаатарын иргэдэд урьтаж санаа тавихгүй. Алслагдсан сумын анги нь дүүрэхгүй байгаа сургуулийг жил бүр их засварт оруулж байхаар нийслэлд нэг сургууль нэмээд барьчих боломж, хөрөнгө алдагдана. Тиймээс ч сая Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн холимог тогтолцоог хуульчиллаа. Ужгирсан, улсын хөгжлийг урагшлуулахад саад болж байгаа асуудлыг үүгээр засна хэмээн найдаж буй. Иймд тойрог дахь мандатыг хуваарилахдаа гишүүдийн төлөөлөх чадавхаас авхуулаад энэ мэт олон хүчин зүйлийг тооцож шийдэх болов уу. Намуудад тойргийн төлөөх “цусгүй тулаан” эхэлчихсэн энэ үед улстөржилтөөс ангид, амин хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, шийдэлд хүрэх учиртай. Аливаа улстөрч, бүлэглэл намынхаа удирдлагад ойр, нөлөөгөө ашиглах, магадгүй мөнгө, бусад хүчин зүйлийн тусламжтайгаар мандатын тоог тогтоодог баймааргүй сэн.