УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар англи хэлний хичээлийг хөтөлбөрт оруулах уу, хуульчилж заах уу гэдэг дээр санал хураасан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням уучлал гуйлаа.
Г.Дамдинням: Харамсалтай шийдвэр гаргасан алдааг манай УИХ-ын Ардчилсан намын бүлгийнхэн, Ардын намын бүлгийнхэн, ХҮН-ын төлөөлөл, бие даагчдын төлөөлөл бүгдээрээ 9 дэх санал хураалт дээр эсрэг санал хурааж Ардын хүүхэд Англи хэл сурах энэ шийдвэрийг дэмжиж өгнө гэдэгт итгэлтэй байна.
Г.Мөнхцэцэг: Боловсролын ерөнхий хуулийг дагаад хэтэрхий их улстөр яваад байна. Хууль эцэслэн батлагдаагүй байхад гарч мэдэгдэл хийж, нийгмийн хуваан талцуулах ийм шаардлага байсан юм уу, үгүй юм уу гэж бодож байна. Гишүүд шуугилдаж байна, аргагүй. Талцан хуваагдаж байна, аргагүй. Яагаад гэвэл энэ хуулиа уншаагүй байна. Нэгдүгээр ангиасаа заана гэдэг юм уу, гуравдугаар ангиасаа англи хэл заана гэдэг юм уу, ийм томьёолол Боловсролын ерөнхий хуулийн төсөлд огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлэхийг хүсэж байна.
Г.Дамдинням: Гишүүддээ хандаад нэг зүйлийг хэлье. Манай парламент олон нийтэд нээлттэй байх чиглэлд их санаачилга гаргаж ажиллаж байгаа. Биднийг олон нийтэд зайлшгүй нээлттэй шуурхай тодорхой мэдээлэл өгөөч гэдэг чиглэлийг ч өгч буй. Тийм учраас би шинжлэх ухаан технологийн давуу талыг олон нийтэд хүргэх боломжийг олгосон нийгмийн сүлжээний хэрэгсэлд харьцангуй идэвхтэй ажилладаг УИХ-ын гишүүн. Тэр маань буруу зөрүү ойлголт төрүүлсэн бол уучлал хүсье.
Л:Энх-Амгалан: Гишүүдээ тоглоом тоотой нь дээр. Сүүлийн 30 жилд боловсролын чанарын ялгаа нийгэмд баян хоосны ялгааг үнэхээр өдөөдөг ийм тогтолцоо болоод байна. Боловсролын ерөнхий хуулиар таван том шинэчлэл хийх гээд байгаа асуудал. Ардчилсан намын бүлэг завсарлага авдаг. Хоёр бүлэг хоорондоо завсарлага аваад энэ хууль чинь Их хурал дээр хоёр жил боллоо. Аль улсын хуульд ямар хичээлийг хэзээ хэдэн цагаар заана гэсэн заалт байсан юм бэ.