Дэлхийн хамгийн шилдэг сагсан бөмбөгийн лигийн 2022-2023 оны улирал өндөрлөсөн ч багуудын удирдлага амсхийх чөлөөгүй ажиллаж байна. Тэд багаа шинэчлэх, хүчирхэгжүүлэхийн тулд зах зээлд байгаа олон тоглогчийг элсүүлэх, эсрэг багаас урхидах зэрэг арга мэх хэрэглэх нь гарцаагүй. Ингээд тус лигийн эргэн тойронд өрнөж буй солилцоо наймааны зах зухаас сонирхъё.
Ж.БАТЛЕР Д.ЛИЛЛАРДЫГ УРЬЖ БАЙНА
Энэ жилийн финалд “Денвер наггетс” багт дийлдсэн “Майамихит” хүчээ зайлшгүй зузаатгах ёстой. Тиймээс тэд энэ жил томоохон наймаа хийх гол багуудын нэгттооцогдож байгаа бөгөөд эхний супер одоо онилсон талаар сэтгүүлч Д.Олдриж мэдээлжээ. Тэд “Портлэнд”- ийн холбон тоглогч Д.Лиллардыг авахын тулд бүх нөөц боломжоо дайчлах аж. Үүнийг нь ч багийн гол тоглогч Ж.Батлер дэмжиж байгаа гэнэ. Ялангуяа Б.Бийл “Финикс санс” багийг сонгосны дараа тэд Д.Лиллардыг авахаас өөр сонголтгүй болсон гэж Д.Олдриж бичсэн байна. Гэхдээ Д.Лиллард 2012 оноос хойш хүчин зүтгэсэн багтаа үнэнч үлдэнэ гэсэн таамаг бас бий. “Надад олдсон мэдээллээр “Хит”- ийн авах хүсэлтэй тоглогчдын эхэнд Дэмьен байсан. Гэхдээ тэрбээр “Портлэнд”-ийг орхих бус, харин багаа улам хүчирхэгжүүлж, өөрт нь сайн тоглогч олж өгөхийг хүсэж байгаа болов уу” хэмээн “Athletic”-ийн Ш.Чараниа бичжээ.
Ж.ХАРДЕН ҮЛДЭЖ МАГАДГҮЙ
Энэ зун “Хьюстон” багтаа эргэж ирэх боломжтой гэгдэж байсан холбон тоглогч Ж.Харден одоогийн багтаа үлдэх магадлалтай гэнэ. “Нэг сарын өмнөхтэй харьцуулбал багийн удирдлага тайвширсан. Учир нь Харден багтаа үлдэж, шинэ гэрээ байгуулна гэсэн мэдээлэл тэдэнд очсон” хэмээн “Philadelphia inquirer” сонины К.Помпи өгүүлжээ. Түүнчлэн ESPN-ий З.Лоу үүнийг баталж, “Лигийн багуудын гол менежерүүдээс асуувал тэдний олонх нь Харденыг “Филадельфи”-д үлдэнэ гэж үзэж байгааг мэдэж болно” хэмээжээ.
К.ПОЛ ХУУЧИН БАГТАА ИРЭХ ҮҮ
“Лос-Анжелес клипперс” баг хуучин холбон тоглогч К.Полыг авч, талбайд Р.Уэстбруктэй хамт тоглуулах боломжийг судалж байна хэмээн “Athletic”-ийн тоймч Л.Мюррэй мэдээллээ. “Тус баг К.Полыг авахыг сонирхож байгаа. Түүнийг авсан ч гэсэн одоогийн холбогч Р.Уэстбрукийг явуулахгүй гэж энэ талаар маш сайн мэдээлэлтэй эх сурвалж мэдээлсэн” хэмээн Л.Мюррэй бичжээ. “Клипперс”-ээс гадна “Голден стэйт” баг ч К.Полыг сонирхож “Финикс”- ийн ерөнхий менежер Ж.Жонстой ярилцсан гэх мэдээлэл бий. Харин “Los Angeles times” үүнээс тэс өөрөөрбуюу “Лейкерс” баг К.Полыг авахаар судалж байгаа гэж мэдээлжээ. Ямартай ч энэ жил 38 настай ахмад тоглогчийг сонирхох баг олон байгаа аж.
З.УИЛЬЯМСОН БУУРЬ СЭЛГЭНЭ
Байнга гэмтдэг учраас авьяас, нөөц боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байгаа довтлогч З.Уильямсоныг “Пеликанс” баг удахгүй явуулна гэж сэтгүүлч Б.Симмонс бичжээ. “Надад олдсон мэдээллээс үзвэл тус баг ирэх баасан гараг гэхэд Зайоныг өөр баг руу солилцоогоор явуулна” гэж тэрбээр өгүүлсэн байна.
“ФИНИКС” ЯМАР ТОГЛОГЧДООР ХҮЧ НЭМЭХ ВЭ
Б.Бийлийг авснаар энэ зуны анхны томоохон наймааг хийсэн “Финикс” хүчээ нэмэхийн тулд өөр хэд хэдэн тоглогч сонирхож байгаа аж. Тэдний тоонд хамгаалагч Ж.Гудвин, 2021 оны драфтын 31 дэх сонголт довтлогч А.Тодд нар орж байгаа аж.
•М.Уильямс “Финикс”-т ажиллаж байхдаа Ж.Краудер, Д.Эйтон нарыг дасгалжуулах хүсэлгүй байсан гэнэ. Түүнчлэн “Вашингтон” баг Б.Бийлийн солилцооны хариуд төвийн тоглогч Д.Эйтоныг авахыг хүссэн ч “Финикс” татгалзсан байна.
•З.Лавины оронд ирээдүйтэй залуу тоглогч, драфтын нэгдүгээр бүсийн хэд хэдэн эрх авахыг “Чикагобуллз” баг хүсэж байгаа гэнэ.
•Д.Грийн “Уорриорз” багтайгаа гурван жилийн шинэ гэрээ байгуулж үлдэх хүсэлтэй байгаа аж.
•Төвийн тоглогч Д.Эйтоныг авах хүсэлтийг их олон баг “Финикс”-т ирүүлж байгаа бололтой.
•“Бостон”-ы довтлогч Г.Уильямсыг “Даллас”, “Орландо”, “Индиана” баг сонирхож байна.