Манай улс өнгөрсөн өвөл 470 400 орчим тэмээ тоолуулсан нь хоёр бөхтэй тэмээгээр дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Тэгвэл өнөөдөр буюу жил бүрийн зургадугаар сарын 22-нд тохиодог Дэлхийн тэмээний өдөрт зориулж ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн болон Ази тивийн сүүний түншлэлийн байгууллагаас хамтран “Монгол Улсын хос бөхтэй тэмээ-хөгжлийн боломж, стратеги” үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ нь тэмээний аж ахуй, түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, салбар дундын уялдааг хангах, экспортыг дэмжих, олон талт түншлэлийг бэхжүүлэн, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой гэнэ. Мөн ингэний сүүний үйлдвэрийг цогц хөгжүүлэх, бүтээгдэхүүнийг нь экспортлох боломж бүрдүүлэх, орон нутагт ингэний аж ахуй байгуулах, тэмээний ноосны тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих болон тэмээн соёлоор аялал жуулчлалын үзүүлэн бий болгох талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Түүнчлэн тэмээ маллаж, адгуулах, унаж эдлэх уламжлалыг хадгалж хамгаалах, Монголд дэлхийн хос бөхт тэмээний холбоо байгуулах санаачилгыг хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр зөвлөмж гаргахыг ХХААХҮЯ-наас мэдээллээ.