Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн гишүүдэд шагнал гардууллаа.
“Монголын анд нөхөд” нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ойг тохиолдуулан хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан тус нийгэмлэгийн гишүүд, ОХУ-ын иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын төрийн одон, медалиар шагнах тухай зарлиг буулгасан байна.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн Ерөнхийлөгч В.А.Бабушкинд Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Дэд ерөнхийлөгч В.И.Халанов, Тэргүүлэгч гишүүн И.А.Селезнев, М.Л.Сердюков, Алтайн хязгаарын Монгол дахь анхны төлөөлөгч А.П.Оличенко, Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн профессор, Монгол судлаач С.А.Филин нарт “Найрамдал” медалийг гардуулан өглөө.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол, Оросын ард түмний найрамдлыг бэхжүүлж, хоёр улсын хүмүүнлэг, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллах, Монгол, Оросын түүх, соёлын өвийг залуу үеийнхэнд уламжлан үлдээхийн чухлыг онцлон тэмдэглэлээ.