Манай Улс ӨМӨЗО-ы Альшаа аймагтай Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн-Сэхэ боомтоор хиллэдэг. Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга БНХАУ-ын ӨМӨЗО-ы Альшаа аймгийн удирдлагатай уулзжээ. Уулзалтад Монголын талаас Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, ажлын албаны дарга Т.Төрболд, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг нар оролцсон бол БНХАУ-ын талаас Альшаа аймгийн орлогч дарга Мөнхөө, Сэхэ боомтын захиргааны зөвлөлийн дарга Мөрөн тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Боомтын сэргэлт"-ийн хүрээнд ойрын таван жилийн хугацаанд эрдэс баялаг, ашигт малтмалын экспортыг 3-4 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Иймд Шивээхүрэн боомтын хүчин чадлыг тэлэх зорилгоор одоо ашиглагдаж буй чингэлэгт тээврийн терминалаас 1-1.5 км зайд нүүрсний шинэ гарц бий болгох саналыг БНХАУ-ын талд албан ёсоор тавилаа. Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буйтай холбогдуулан БНХАУ-ын талаас авдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах шугамыг 110 кВ болгож нэмэгдүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Түүнчлэн Шивээхүрэн-Сэхэ боомтын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, тухайлбал, боомтыг Ням гарагт ажиллуулах, цайны цаггүйгээр үйлчилгээ үзүүлэх, автомат удирдлагатай тээврийн хэрэгсэл /AGV/-г 24 цагаар хил нэвтрүүлэх зэрэг хэд хэдэн боломжит хувилбар санал болголоо. Шивээхүрэн-Сэхэ боомтоор зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус мах, малын гаралтай түүхий эд экспортлох, харин БНХАУ-ын талаас барилгын материал, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, нефтийн бүтээгдэхүүн импортоор авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Альшаа аймагт олон улсын жишигт нийцсэн мах боловсруулах үйлдвэр, агуулах, шинжилгээний лаборатори байгуулагдаж, ашиглахад бэлэн болсон бөгөөд манай улсаас хонь, үхрийн мах, амьд мал импортлох бүх бэлтгэл хангагдсан гэлээ. Монгол Улсын Засгийн газраас дээрх ажлыг бүрэн дэмжиж байгааг онцлон тэмдэглээд, ойрын хугацаанд мах, малын гаралтай түүхий эд экспортлох ажлыг тогтмолжуулахад холбогдох албаны хүмүүстэй уулзаж, тодорхой шийдэлд хүрнэ гэдгийг уламжиллаа. Монгол Улсын худалдаа эрхлэгчид улиралд нэг удаа 7-10 хоногийн хугацаатай бараа бүтээгдэхүүнээ татваргүйгээр хил нэвтрүүлж худалдаалдаг байсныг байнгын болгож, хоёр улсын худалдааны харилцааг өргөтгөх боломжтойд санал нэгдлээ. Дээрх үйл ажиллагаанд үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийг татан оролцуулж, цар хүрээг нь өргөтгөх нь зүйтэй гэж үзлээ.