АНУ-ын сенатч Жон Маккейн, Линси Грэм нар Пакистаны эрх баригчид, тус улсын Тагнуулын албаныхны талаар байр сууриа илэрхийлэв. Сүүлийн саруудад болсон явдал АНУ, Пакистаны хоорондын харилцааг өөрчилж байна хэмээн тэд онцолжээ.
“АНУ зарим нэг явдлыг ч эс тооцон Пакистанд тэвчээртэй хандсан” хэмээн Жон Маккейн өгүүлсэн байна. Пакистаны тагнуулын албаныхан алан хядах бүлэглэлтэй холбоотой ажилладаг байж магадгүй, Афганистанд алба хааж буй америк цэргүүд рүү дайрахад нь тусалдаг гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан юм. Хэрэв энэ бүхэн үнэн бол АНУ Пакистанд тусламж үзүүлэх, цэргийн салбарт хамтран ажиллахаа зогсоох хүртэл арга хэмжээ авах ёстой хэмээн сенатч үзэж буй аж. “Пакистаны тагнуулчид ийм бодлогогүй алхам хийсэн бол тэдний өмнөөс түгшиж байна” гэж тэрбээр мөн өгүүлсэн аж.
Өнгөрсөн сарын 26-нд НАТО Пакистаны цэргийн бааз руу бөмбөгдсөний улмаас 24 хүн амиа алдсан бөгөөд пакистанчууд үүний хариуд гал нээж, Исламабадад эсэргүүцлийн жагсаал болсон юм.