Соёлын сэргэлт аяны хүрээнд Дундговь аймгийн Өлзийт сумын соёлын төвийн эрхлэгчээр 43 жил ажиллаж байгаа Цогтбаатарын Хадхүүг Соёлын яамнаас онцоллоо. Хүмүүнлэг, оюунлаг, ёс суртахуунтай, үндэсний соёлын мэдлэг, чадвар, дадалтай монгол хүнийг бэлтгэхийн төлөө хүн бүрд хүрч ажиллаж, сумын иргэдээ урлаг соёлоор тэтгэхийг зорьж ажилдаг хэмээн Ц.Хадхүү гуай хуучилж байлаа.
Монгол улсын Ардын жүжигчин Нямын Дагийранзын нэрэмжит Өлзийт сумын соёлын төв 1995 онд, 1981 онд, 2012 онд улсын шилдэг сумын төвөөр шалгарч байжээ. Өлзийт сумын соёлын төвд ажиллаж байсан уран бүтээлчдээс Н. Дагийранз, А. Дашпэлжээ, А. Нэргүй гэсэн гурван хүн Монгол улсын Ардын жүжигчнээр шалгарсан бол, 17 хүн Монгол улсын гавьяат жүжигчин, 69 хүн соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан нь зах зээлийн хүнд цаг үед ч хаалгаа хаалгүй соёлын арга хэмжээг тогтмол зохион байгуулж, уран бүтээлчдээ хөгжүүлж ирсний үр дүн билээ.
Ц.Хадхүү "Соёлын төв сумын иргэдээ соён гэгээрүүлэхээс гадна ардын авьяастныг бэлтгэж байдаг билээ. Түүнчлэн тухайн сум орон нутгийн онцлог болсон соёлын биет бус өв уламжлал, ардын урлагаа ирээдүй хойч үедээ өвлөн уламжлуулдаг. Бид жил бүр 6-8 төрлийн дугуйлан хичээллүүлж, хүүхдүүдэд соёл уламжлалаа өвлүүлж байна. Манай соёлын төв жилд 130 гаруй арга хэмжээ зохион байгуулж байна" хэмээн ярьсан юм.
Соёлын төв нь хурлын танхим бус урлаг соёлын арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг, иргэдийг соён гэгээрүүлж, ёс уламжлалаа түгээн дэлгэрүүлдэг байгууллага байх ёстой билээ.