Киргизстаны нийслэл Бишкек хотод болж буй 17 хүртэлх насныхны чөлөөт бөхийн Азийн АШТ-д хүч үзсэн Монголын тамирчдаас хөвгүүдийн 60 кг-ын жинд ганц бөх хүрэл медаль хүртсэн нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, “Таван хан ноён” клубийн тамирчин Б.Занданбат. Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд Ирак улсын Абдулазеез Аль Хайдериг 6:0-ээр буулган авч, шөвгийн наймд Японы Котэцү Кюүдэнийг 11:1-ээр илүүрхэн хагас шигшээд шалгарсан юм. Тэмцээнээ цааш үргэлжлүүлсэн түүний дараагийн амаргүй учраа Ираны Саид Голамхассан Пирдаян байв. Манай бөх өрсөлдөгчдөө 4:8- аар хожигдсон ч медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Шамшиддин Жумабоевыг 11:0-ээр хожиж, шагналын тавцанд зогссон юм. Бишкекийн дэвжээнд сонгомол бөхийн төрлийн23 хүртэлх насныхны өрсөлдөөн өнөөдөр эхэлнэ.