УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар төсвийн тодотгол болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэв. Тэд тодотголын төслийг яаралтай горимоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн бол УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн дотор аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх ёстой гэдэгт санал нэгдсэн байна. Уг нь өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар 40-өөс доошгүй хувь байх саналыг дэмжээд байсан юм. Харин нам, эвслийн нэрийн жагсаалтад оруулах 48 хүнд хүйсийн хувьд 1:1 зарчим баримтлахыг дэмжжээ. Хурлын шийдвэрийн талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгсөн бөгөөд “МАН хүйсийн тэгш байдлыг хангахыг бодлогоор дэмжиж ирсэн. Анх өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хүйсийн квотыг 30 хувь байхаар тусгасан байсныг хэвээр хадгалахыг манай бүлгийн гишүүдийн олонх дэмжлээ” гэв. Өчигдрийн хуралд олонхын бүлгийн 44 гишүүн оролцжээ.