Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга, удирдлага оролцсон “Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сум, 1613 баг, 204 хорооны удирдлага оролцсон байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арга хэмжээг нээж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын явц, онцлох ажлууд, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулсан. “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны анхан шатны байгууллагынхны хүчин чармайлт, үүрэг оролцоо нэн чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов. Энэхүү хөтөлбөрийн эхний 10 жилийн зорилт болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтын сэргэлтийг эрчимжүүлснээр экспортын хэмжээ нэмэгдэж, хил гааль, тээвэр ложистикийн гацаа аажмаар арилж байгааг тэрбээр хэлсэн юм. Мөн “Зөв хандлагын өөрчлөлт төрийн анхан шатны байгууллагаас эхлэх ёстой” гэдгийг онцоллоо.
Авлига, хээл хахуультай тэмцэх “5Ш” ажиллагааг хэрэгжүүлж, төрийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгоход анхаарч, төрийн мэдээллийг шилэн, үйлчилгээг цахим болгох зэрэг шинэчлэл хийснээр эдийн засаг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 7.9 хувиар өссөн. Мөн анх удаа төсвийн орлого давж биелсэн шалтгаанаар тодотгол хийж буй билээ. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засаглал” бодлогын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, төрийн өмчит компаниудад хийж буй шинэчлэлийн талаар танилцуулав.
Уулзалтад оролцогчид “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Хүний хөгжил”, “Амьдралын чанар ба дундаж давхарга”, “Эдийн засаг”, “Засаглал”, “Ногоон хөгжил”, “Амар тайван, аюулгүй нийгэм”, “Бүс, орон нутгийн хөгжил”, “Улаанбаатар ба дагуул хот” гэсэн есөн салбар хороонд хуваагдан санал бодлоо солилцож, тус бүртээ санал, дүгнэлт гаргасан юм. Улсын хөгжлийг нэгдмэл байдлаар урт хугацаанд төлөвлөх, Засгийн газрын бүх шатны байгууллагын үйл ажиллагааг үүнд чиглүүлэх хэрэгтэй гэж тэд үзэв. 2023 оны эхний улирлын байдлаар эдийн засгийн байдал цар тахлын өмнөх түвшинд очсон, нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрсэн, экспорт 2022 онд 12.5 тэрбум ам.доллар болж өссөн зэрэг үзүүлэлт нь өнгөрсөн гурван жилд цар тахал, дайнаас үүссэн эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулсныг харууллаа гэж дүгнэсэн байна.
Зөвлөлдөх уулзалтын үеэр үндэсний судалгааны нэгдсэн платформ болох www. sudalgaa.gov.mn-ийг нээлээ. Тус сайтаас иргэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд төр, хувийн хэвшил, олон улсын болон мэргэжлийн байгууллагуудаас хийсэн судалгаа, мэдээлэлтэй танилцах боломжтой болжээ.