Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингөөс Шадар сайдад тавьсан асуултын хариуг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар сонсов. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэнгийн танилцуулснаар бүтээн байгуулалтын ажлыг технологийн бус барилга, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензтэй технологийн байгууламж гэсэн дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж буй аж.
2021-2023 онд хэрэгжих учиртай эхний хэсгийн ажлын гүйцэтгэл 80.3 хувь, гэрээний дүн 97.8 сая ам.доллар юм байна. Уг ажлын хүрээнд иргэний есөн барилга, 30 мянган шоометр багтаамжтай газар доорх усны нөөцийн сав, 89 км ус дамжуулах шугам хоолой зэргийг БНЭУ-ын “JMC projects India” компани гүйцэтгэж, энэ оны 9-10 дугаар сард ашиглалтад авахаар төлөвлөсөн аж. Хоёрдугаар хэсэгт үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудыг барих бөгөөд энэ оны дөрөвдүгээр сараас угсралтын ажлыг эхлүүлсэн байна. Гуравдугаар багц ажлын хүрээнд 35 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барина. Энэ хоёр хэсгийн ажлыг мөн л БНЭУ-ын “Megha engineering and infrastructure limited” компанитай нийт 788 сая ам.долларын өртөгтэй гэрээ байгуулан гүйцэтгэж буй гэнэ. Дөрөвдүгээр хэсэгт гүн боловсруулалтын патенттай технологийн байгууламжуудын лиценз эзэмшигчээр шалгарсан компаниудтай гэрээ байгуулаад буй юм байна.
Газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Norinco international cooperation” шалгарч, 2022 оны эцсээс ажлаа эхлүүлжээ. Тус компани байр зүйн зураглал, инженер-геодез, геотехникийн болон түүхий тосны шинж чанарын нарийвчилсан шинжилгээг хийж дуусган, түр кэмп, технологийн зам, цэвэр усны хангамж зэрэг дэд бүтцээ байгуулж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас дамжуулах хоолойн барилга угсралтын ажлыг эхлүүлснийг дэд сайд мэдээлэв. Газрын тос дамжуулах хоолойн ажлын нарийвчилсан зургийг Канадын “Worley Parsons” компани хийж байгаа аж.
Эдгээр ажилд санхүүжилттэй холбоотой зарим саад бэрхшээл учирчээ. Тухайлбал, дөрвөн янзын дэд бүтэц, газрын тосны үйлдвэрийн хотхоныг Хөгжлийн банкнаас зээл авч хэрэгжүүлж байсан. Гэвч зээлийг зогсоосон учраас 79 хувьтай явсан ажил үргэлжлэх боломжгүй болсон байна. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Энэтхэгийн талаас газрын тос боловсруулах шинэ үйлдвэрийн салбар байгуулах бол компанийнхаа урсгал зардал, дэд бүтцийг Монголын Засгийн газар өөрөө хариуцах ёстой гэсэн. Гэвч Хөгжлийн банкны зээл зогссон учраас нэмэлт санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах саналаа оруулсан” гэв.
Мөн газрын тосны үйлдвэрийн хотхоны II ээлжийн орон сууцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч Зэвсэгт хүчний 339 дүгээр анги болон туслан гүйцэтгэгч компаниуд гэрээ байгуулсан үнийн дүнгээр ажлаа гүйцэтгэх боломжгүй гээд 2021 оны долдугаар сараас ажлаа зогсоожээ. Үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажиллагсдыг бэлдэхээс гадна ШУТИС-д Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэлийн бакалаврын анги шинээр нээж, 2022 оны есдүгээр сард 21 оюутан элсүүлсэн ч АМГТГ-аас сургалтын төлбөрийг нь өнөөг хүртэл шилжүүлээгүй гэх мэт асуудлаа салбарынхан ярьсан. Төслийн нийт хөрөнгө оруулалтын зардал болон зээлийн дүнг нэмэгдүүлэх, компанийн хувьцаа эзэмшигчийг өөрчилсөнтэй холбоотойгоор үүсэж буй хүндрэлүүд, үйлдвэрийн хотхон, гаалийн түр горим, түүхий тос, дамжуулах хоолой, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхтэй холбоотой асуудалд төрийн дэмжлэг хэрэгтэй байгааг тэдбасхэлэв.