ОХУ-ын Төрийн Думын зургаа дахь удаагийн сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх баригч Нэгдсэн Орос нам 49.7 хувийн санал авсан тухай тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдэгдэв. Коммунист нам 19.13, Шударга Орос 13.18, Либераль ардчилсан нам 11.66 хувийн санал авчээ. Санал хураалтад 5-6 хувийн босго даваагүй Яблоко нам (3.25 хувь), Оросын эх орончид (0.96 хувь), Зөв үйл хэрэг нам (0.59 хувь) Төрийн Думын депутатын мандатгүй хоцрох нь.
Эрх баригч намын удирдлага сонгогчиддоо талархал илэрхийлж, Төрийн Думын тэргүүнээр хэнийг тавихаа хэлэлцэж байх зуур сөрөг хүчнийхэн, үндсэрхэг үзэлтнүүд нийслэл Москвад хэд хэдэн цуг лаан зохион байгуулж, санал хураалтыг ажигласан “Голос” ассоциаци сонгуулийн үеэр 1300 гаруй зөрчил гарлаа хэмээн мэдэгдэв. “Голос” ассоциацийн гүйцэтгэх захирал Лилия Шибановагийн хэлснээр Челябинск, Самара, Нижегородск муж, Санкт-Петербург хотод санал хураалтыг ажиглагчдын талыг нь сонгуулийн хэсэг рүү нэвтрүүлээгүй, мөн санал тоолох үед тэднийг байлцуулаагүй гэнэ. Харин Сонгуулийн төв хороо санал хураалтын үеэр 100 зөрчил гарсан, гэхдээ энэ нь сонгуулийн дүнд төдийлэн нөлөөлөхгүй хэмээн мэдэгдлээ. Түүний зэрэгцээ Москвагийн Триумфальный талбайд сөрөг хүчний Өөр Орос намын зохион байгуулсан жагсаалын үеэр 100 гаруй хүнийг баривчилсан байна.
Харин цагдаагийн ажилтнууд зөвшөөрөлгүйгээр жагсаал хийхийг завдсан 12 хүнийг саатуулсан гэжээ. Мөн Улаан талбай, Хувьсгалын талбайд ч сөрөг хүчнийхэн, үндсэрхэг үзэлтнүүд цуглаан зохиож, эрх баригчдыг шүүмжилсэн уриа лоозон өргөсөн аж. Москвагийн төв хэсэгт харуул хамгаалалтыг чангатган, худалдааны зарим төв, метроны буудлыг түр хугацаагаар хаасан тухай “РИА Новости” уламжлав. Жагсаалыг сурвалжилж байсан сэтгүүлч, гэрэл зурагчдыг саатуулсан гэх мэдээлэл ч гарчээ. Санкт-Петербург хотод болсон жагсаалын үеэр 50 гаруй хүнийг саатуулсан, тэдний дотор “Война” арт-группийн гишүүн Леонид Николаев байгаа хэмээн эх сурвалжид онцолжээ.
Х.ОД