Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.06.07/ Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу" ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, ““Шувуу” ажиллагааны хүрээнд Интерполын улаан булант зар мэдээгээр 22, хөх булант зар мэдээгээр 70 хүнийг эрэн сурвалжилж байна. Харин 6-р сарын 5-ны өдрийн байдлаар улаан булант зар мэдээгээр 3, хөх булант зар мэдээгээр 42, нийт 45 хүнийг олж тогтоогоод байна.
Үүнээс мөрдөн шалгах чиг үүргийн байгууллага 5 хүнийг эх оронд нь авч ирээд байна. Сайн дураараа хэргээ шийдвэрлүүлье гэдэг байдлаар 12 хүн ирсэн. Цаашид 10 орчим хүнийг авч ирэхээр бэлтгэл ажил хангаад байна.
Авч ирсэн болон сайн дураараа ирсэн хүмүүсээс 4 хүний асуудлыг шүүхэд шилжүүлсэн. Интерполын улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсээс байгаа газар нь тогтоогдсон 25 хүн байна. Тухайлбал БНТУ-д 4, БНСУ-д 6, АНУ-д 1, Австралид 1, Франц Улсад 1 иргэн байна. Эдгээр 25 иргэний гадаад паспортыг бүрэн хүчингүй болгож, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шувуу ажиллагаагаар авч ирэхээр тодорхой ажлуудыг хийж байна. Гэхдээ бид бусад улс орон тэр дундаа АНУ-ын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах болон бусад чиглэлээр ажиллагаа явуулах хуулийн боломж байхгүй. Харин тэр хүнийг санхүүжүүлж байж болзошгүй гэх асуудлыг шалгаж байна. Хаана байрлаж, амьдарч байгаа талаарх мэдээллийг иргэдээс хууль сахиулах байгууллагад ирүүлж байна. "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалын тухайд Малайз Улсад байгаа гэдэг нь үндсэндээ батлагдсан. Тиймээс хууль сахиулах байгууллагууд руу нь холбогдох баримт бичгээ хүргүүлээд ажиллаж байна. Энэ мэдээллийг тухайн хүмүүс үзэж байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс нэг зүйлийг хэлмээр байна. Гэм буруугийн асуудлыг бид шийдэхгүй. Тиймээс хэргээ үнэн зөвөөр нь шийдүүлэх гэдэг үүднээс ирж шалгуулах нь зүйтэй” гэв.
Сонирхуулахад, Монгол Улс Зорчигчийн мэдээллийн төвийг байгуулсан. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс үнэ төлбөргүй өгсөн "Go travil" гэдэг программ хангамж байгаа. Энийг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн мэдээллийг хайдаг программ хангамжийг өөр дээрээ авч, хянана гэсэн үг.