Засгийн газрын ээлжит хуралдаан болж, зарим шийдвэр гаргажээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж, мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газраас нэг зүйлийг чухалчилж үзлээ. Энэ нь Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, зээл хүн нэг бүрт хүртээмжтэй байх ёстой гэж үзсэн. Өдгөө иргэн Боловсролын зээлийн сангаас зээл авахдаа 11 шат дамжлагаар ордог. Үүний тав нь БШУЯ-тай холбоотой байна. Үүний цахимжуулна. Хүний оролцоог багасгана. Тиймээс хувийн хэвшлийн компаниудаас зөвлөн туслах үйлчилгээ авна. Хамтарч БЗС-гийн үйл ажиллагааг ил тод хүртээмжтэй болгоно. Цаашдаа Монголд үйл ажиллагаа явуулж буй 24 сангийн мэдээллийг ч цахим болгоно” хэмээлээ.
Мөн төрийн өмчит АЗЗА-ын компаниудыг нэгтгэж компани байгуулах талаар мэдээлэл өглөө. Тэрбээр 21 аймгийн АЗЗА компаниас ганц Сэлэнгэ аймгийнх нь ашигтай ажилласан байна. Бусад нь үр бүтээмж муу. Тиймээс Засгийн газар зарим АЗЗА-г татан буулгаж, IPO гаргана. Нэгтгэж компани болгоно хэмээсэн юм.
Үүнээс гадна Тавантолгой компани 2022 онд ногдол ашиг олгох шийдвэр гаргасан. Энэ нь иргэн бүрт биш зөвхөн хувьцаа эзэмшигч нарт хамаатай. Энэ онд хувьцаа эзэмшигч нартаа 140 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно гэлээ.
Мөн Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст даалгаснаа дуулгав.
Тус журам батлагдсанаар төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд кибер аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах нийтлэг зохицуулалт, тавигдах шаардлага бий болж, кибер аюул занал, эрсдэлийн түвшинг бууруулах эрх зүйн орчин бүрдэх юм.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар,
- Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар
- “Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай
- Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам зэрэг 40 гаруй асуудлыг хэлэлцэж танилцжээ.