Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентыг 126 гишүүнтэй байхаар УИХ батлав. Эрх баригчдын хэлснээр тэд 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дутууг гүйцээж, УИХ-ын нэг гишүүнд ногдож буй эрх мэдлийн төвлөрлийг задлах суурийг тавилаа. 2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор буюу 78 гишүүнийг олныг төлөөлөх (мажоритар), 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорциоаналь) аргаар сонгоно гэсэн үг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор УИХ-ын сонгуулийн тухай хуулийг энэ сарын 25-ны дотор, холбогдох бусад хууль, тогтоомжийг парламентаас баталсан хуваарийн дагуу хэлэлцэн нийцүүлнэ. Н.Энхболд тэргүүтэй гишүүдийн болон гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр ч хуулийн төслийг парламентад өргөн бариад буй бөгөөд тэдгээрийг нэгтгэн ирэх лхагва гаргаас байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийхээр төлөвлөжээ.
...Ирэх жилийн сонгуулиар нийт гишүүний 61.9 хувийг мажоритар, 38 хувийг пропорциоаналь аргаар сонгоно. Эндээс харвал, пропорциональ хувилбарын эзлэх хувийг өмнөхөөс бага зэрэг өсгөсөн бөгөөд энэ нь реформ мөн үү...
ХОЛИМОГ ТОГТОЛЦООНООС ХОЛБИРОХГҮЙ ГЭХ БАТАЛГАА ҮГҮЙ
Ардчилсан сонгуулийг нийт найман удаа явуулахдаа тогтолцоог нь долоон удаа, сонгууль бүрийн өмнөхөн өөрчилж ирсэн бидний хувьд ийнхүү Үндсэн хуульдаа тусган “дархлах” нь сайн хэрэг. Манай улс төрийн тогтолцоонд үүсээд буй гажгийг засах эх сурвалж нь сонгуулийн тогтолцооны реформ гэдгийг олон жилийн өмнөөс нам, эвслүүд, улстөрчид, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагууд, хөндлөнгийн ажиглагчид хэлж байгаа учраас эл өөрчлөлтийг ахиц, дэвшил гэж хэлж болно. Гэвч ингээд бүх зүйл сайн сайхан болчихлоо гэж тайвшрах болоогүй. Манай улстөрчид, шийдвэр гаргагчдад найдах нь хэт гэнэн хэрэг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасанчлан ирэх найман жилд “холимог тогтолцоо”-той холбоотой эл заалтаар оролдох эрх хэнд ч байхгүй ч гар хүрэхгүй гэх баталгаа үгүй. Түүх сөхвөл, 2016 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар бэлтгэл ажлаа хэдийн базаасан байхад “Хувь тэнцүүлсэн хэлбэрээр явуулах боломжийг Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэлтэй” хэмээн Цэц шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ Сонгуулийн тухай хуульд УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхын, 28-аас илүүгүйг хувь тэнцүүлэх хувилбараар сонгохоор тусгасан нь Үндсэн хуулийн 21.2-т “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, 21.3-т “УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” хэмээх заалттай зөрчилдөж байна гэж үзэж, хүчингүй болгосон түүхтэй.
Үүгээр тогтохгүй Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт нь Үндсэн хуультайгаа харшилж байна гээд хүчингүй болгосон тохиолдол ч саяхных. Сануулбал, Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор баталсан ч өнгөрсөн жилийн намар Цэц хүчингүй болгочихсон. Үр дүнд нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 18 сайдын таваас бусад нь УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй болчихоод байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчид хүсвэл юуг ч өөрчилж, хүчингүй болгож чаддагийн жишээ нь энэ.
ЭРХ БАРИГЧДААС ЭХЛЭХ ҮЛГЭРЛЭЛ
Мөн үе үеийн эрх баригчид сонгогдох “тоглоомын дүрэм”-ээ өөрсдөө зохиож ирсэн нь нууц биш. Энэ л жишгээр Ардын намынхан ашигтай хувилбар зохиов уу гэдэг асуулт Үндсэн хуулийн өөрчлөлтийн сураг гарахтай хамт дагалдсан. Гэхдээ нэг биш, нийт намын хүсэл сонирхол ийшээ чиглэж ирсэн тул өнөөгийн эрх баригчдыг шууд хардаж боломгүй. Тэгээд ч өнгөрсөн сонгуулиар гэхэд саналаа өгсөн сонгогчдоос 45 хүрэхгүй хувийн дэмжлэг авчихаад УИХ-д 62 суудал эзэлж, парламентын 81.2 хувийг бүрдүүлж буй эрх баригчдад тэдний сонгогдсон мажоритар тогтолцоо МАН-ынханд ээлтэй хэвээрээ. Парламентын легитим байдал буурч, УИХ-ын гишүүдийн нэр хүнд уруудан, улс төрийн намууд, тэр дундаа МАН, АН гээд голлох хүчнүүдийн хүлээн зөвшөөрөгдөх байдал доошилж буй хэдий ч “Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг” гэдэгчлэн өнөөх л Ардын намынхан гурван сонгууль дараалан үнэмлэхүй олонхыг бүрдүүлэхэд гайхах зүйлгүй.
Гэхдээ одоо яаж ч гоё, сайхан зүйл ярьсан МАН-ынхан айсуй сонгуулиар хэнийг нэр дэвшүүлэх, ямар шалгуур, зарчим баримтлах вэ гэдгээс Үндсэн хуулийг өөрчилсөн зорилго, сэдэл нь тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн болох гэж өдөр нь бодож, шөнө нь зүүдлэн, дарга нарынхаа өрөөг сахиж, аманд нь багтахгүй их дүнтэй мөнгө амлаж яваа намынхнаа багтаах гэж парламентын бүрэлдэхүүнийг өргөжүүлсэн, эсэх нь ил тод болно гэсэн үг. Үндсэндээ нэр цэвэр, өөрөө төдийгүй тойрон хүрээлэгчид нь элдэв муу зүйлд холбогдоогүй, ёс зүйтэй, эзэмшсэн мэргэжил, ажилласан салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг нэр дэвшүүлэх, эсэхийг харах л үлдлээ. Иргэдийн их эсэргүүцэл дундуур сөрөн байж үнэмлэхүй олонхоороо баталсан эл өөрчлөлт сонгуулийн тогтолцооны реформ авчрах, эсэх нь Ардын намынхнаас хамаарах болчихоод байна.
РЕФОРМ БОЛГОХ УУ
Засгийн газраас өргөн барьсан төсөлд УИХ-ын 152 гишүүнийг мажоритар, пропорциональ хувилбарыг 50:50 хувьтайгаар хослуулсан хувилбараар сонгохоор тусгаж, түүнийг баталж, хэрэгжүүлснээр “сонгуулийн тогтолцооны реформ” хийж чадна хэмээж байв. Харин гишүүдийн тоог бууруулж, холимог тогтолцоон дахь пропорциональ хувилбарын эзлэх байр суурийг багасгаж баталсан эл өөрчлөлт реформ болж чадах уу. Холимог тогтолцоог цорын ганц удаа хэрэглэсэн нь 2012 оны сонгууль. Тухайн үед УИХ-ын 76 гишүүний 48-ыг 26 томсгосон тойргоос, 28-ыг нь Монгол Улсыг нэг тойрогт тооцож, намынх нь авсан саналтай хувь тэнцүүлэн жагсаалтаар сонгож байв. Энэ нь парламентын нийт гишүүний 63.1 хувийг мажоритар, 36.8 хувийг пропорциональ хувилбараар сонгосон гэсэн үг. Ирэх жилийн сонгуулиар нийт гишүүний 61.9 хувийг мажоритар, 38 хувийг пропорциоаналь аргаар сонгоно. Эндээс харвал, пропорциональ хувилбарын эзлэх хувийг өмнөхөөс бага зэрэг өсгөсөн бөгөөд энэ нь реформ мөн үү.
Ирэх өдрүүдэд хэлэлцэн батлах УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас үүнд хариулт болох олон зүйл тодорхой харагдана. Тухайлбал, 2012 онд нам, эвслийн авсан саналтай хувь тэнцүүлэх босго таван хувь байсан бол одоогоор дээрх хоёр төсөлд 3-7 хувьтай байхаар тусгасан. Нам дангаараа оролцвол гурав, хоёр нам эвсвэл тав, гурав ба түүнээс дээш нам хамтарвал таван хувийн босго давсан байх шаардлага тавьж байгаа. Өмнө нь нам, эвсэл ялгаагүй таван хувийн босго тавьж байсныг бууруулж мэдэхээр буй хэрэг. Мөн нийгмийн бүлгүүдийн төлөөллийг намын жагсаалтаар дамжуулан оруулж ирүүлэх нааштай хөшүүрэг байх нь чухал. Жишээ нь, өдгөө 20 хувьтай байгаа эмэгтэйчүүдийн квотыг 30 болгон нэмэгдүүлэхийн сацуу намын жагсаалтад эрчүүдтэй сөөлжүүлэн байршуулахаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан бөгөөд үүнээс ухрах уу гэдэг нь анхаарлын төвд байна.
Сонгуулийн хууль эрх зүйн орчныг сайжруулахаас гадна Улс төрийн намын тухай хууль тэргүүтэй шинэчлэл хүлээж буй олон төсөл бий. Тухайлбал, УИХ-ын нэг гишүүнд ногдох эрх мэдлийг бодитой бууруулж, задлахын тулд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оновчтой зохицуулалт оруулах шаардлагатай. Цаашлаад Засгийн газраас УИХ-д өргөн барьж, хэлэлцэж эхлээд буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг баталбал УИХ-ын гишүүн аливаа тендерт оролцдоггүй, хамаарал бүхий этгээдээ албан тушаалд томилоход нөлөөлдөггүй байх зэрэг олон хязгаарлалттай нүүр тулах юм.