Засгийн газрын ээлжит хуралдаан болж, гаргасан шийдвэрээ танилцууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Хүүхдийн баяр болж буйтай холбогдуулан хэд хэдэн шийдвэр гаргалаа. Төрийн байгууллагын харъяанд амралт, сувилал олон байдаг. Гэвч хүүхдүүд нь зун амрах газар олдохгүй байхад төрийн байгууллагууд амралт сувилалтай байх нь зохимжгүй юм гэж үзээд эдгээр амралтыг Найрамдал зуслангийн удирдлага, зохион байгуулалтад оруулж, хүүхдийн зуслангийн үйлчилгээ үзүүлэхээр шийдвэрлэлээ. Яамнаас ажлын хэсэг гарч ажиллана.
Төрийн өмчид байсан 12 хүүхдийн зусланг 2002-2009 онд хувьчилсан. Газрыг нь зарсан, хаус хороолол болгосон гэх гомдлууд их байдаг. Тиймээс эдгээр хувьчилсан зусланд шалгалт хийж, шаардлагатай бол төр өөрөө эсвэл төрийн бус байгууллагуудаар ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлагийг зөвхөн хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Хүүхэд, гэр бүлийн агентлаг болгох нь зөв гэж шийдвэрлэсэн" гэлээ.
Түүнчлэн Манай улсын нийт хүн амын 36.2 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Хүүхдийн төлөө санд 2021 онд 5.1 тэрбум, 2022 онд 4.3 тэрбум, 2023 онд 1.1 тэрбум төгрөгийн орлого бүрдсэн. Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдэд 2021 онд 25.0 сая, 2022 онд 81.7 сая төгрөгийг шагнал, урамшуулал олгоод байна.
Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ Монголын хүүхдийн байгууллагын үе үеийн төлөөлөлтэй хийсэн уулзалтаар “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, хүүхдийн хөгжил, зөв хүмүүжил, төлөвшил олгоход төрөөс онцгой анхаарч бодлого, шийдвэр гаргах” зэрэг олон асуудлыг хэлэлцсэн бөгөөд хүүхдийн төлөө санд төвлөрсөн хөрөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр боллоо. Уг шийдвэрийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр жилдээ 1 удаа хэлэлцэж, шийдвэрлэх бөгөөд хүүхдийн төлөө санг арвижуулах, хүүхдийн төлөө бүтээн байгуулалтад зориулна гэж хүсвэл иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжээ хүүхдийн төлөө санд хандивлах боломжийг бүрдүүлнэ.
Түүнчлэн уг сангаас хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зориулсан томоохон бүтээн байгуулалтад зарцуулна. Мөн иргэн өөрөө хүсвэл иргэдийн өгсөн хандив, тусламж, хандивлагчийн хувийн мэдээллийг тавих боломжтой болгоно. Уулзалтаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүтцийг шинэчилж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн доор төрийн байгууллагаас бүрдсэн дэд зөвлөл, скаут, сурагчдын холбоо зэрэг хүүхдийн оролцооны байгууллагуудаас бүрдсэн дэд зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн. Энэхүү дэд зөвлөлүүд хуралдаж Үндэсний зөвлөлд бүтээн байгуулалтын саналаа уламжилна хэмээн мэдээлэл өгсөн.