Австри улсын Вена хотод FIBA 3X3 ДАШТ өчигдөр эхэллээ. Ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан оролцож байна. Энэ удаа манай эрэгтэйчүүд дэлхийн чансааны VI байрт эрэмбэлэгдэн Д хэсэгт Унгар, Нидерланд, Швейцар, Япон, эмэгтэйчүүд XI байрт бичигдэн С хэсэгт Унгар, Чех, АНУ, Канад улсын шигшээ багийнхантай багтжээ. Тэмцээний салхи хагалж эмэгтэйчүүд Унгарын багийнхантай өчигдөр тоглосон бол Чехийн шигшээтэй өнөөдөр 19.25 цагт хийнэ. Тэд АНУ-ын сагсан бөмбөгчидтэй зургадугаар сарын 1-нд 17.00, Канадынхтай 18.00 цагт тоглох юм. Тэгвэл эрэгтэйчүүд эхний тоглолтоо мөн Унгарын тамирчидтай өнөөдөр 18.00, Нидерландынхтай 20.00 цагт өрнүүлж, нөгөөдөр (зургадугаар сарын 2-нд) Швейцарынхтай (20.00), Японыхтой (21.25 цагт) өрсөлдөнө. Хэсгийн эхний гурван байрт шалгарсан багийнхан тэмцээнээ цааш үргэлжлүүлж, хасагдах шатанд өрсөлдөх эрх авах аж. FIBA 3x3 ДАШТ-д Азийн орнуудын эрэгтэйчүүдийн багаас шилдэг наймд шалгарсан хоёр улс бий. Нэг нь Катар (2013), нөгөө нь Монгол Улсын шигшээ баг(2018 он) юм. Манайхан Катарын шигшээгээс хойш дээрх тэмцээнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн Ази тивийн багаар бүртгэгджээ.