УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулъя. Сангийн сайд Б.Жавхлан шийдвэрийн талаар "Засгийн газраас төсвийн тодотгол хийх саналаа бэлтгээд, намын бүлэгтээ өнөөдөр танилцууллаа. Бүлгээр хэлэлцэн дэмжсэн тул маргааш Засгийн газрын хуралдаанд оруулаад УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо" хэмээн товч мэдээлэл өгсөн.
Төсвийн тодотголоор ийн хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох шийдвэр гаргалаа. Тодорхой хэлбэл, өнгөрсөн нэгдүгээр сараас хойш олгоогүй мөнгөө долдугаар сарын 1-нээс нөхөн олгохоор шийдвэрлэв. Мөн цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ. Ингэхдээ цалинг долдугаар сарын 1, аравдугаар сарын 1 гэж хоёр үе шаттайгаар нэмэх нь. Гэхдээ хавтгайруулан нэмэхгүй. Суурь тэтгэвэр тэтгэмж, суурь цалинд хөдөлгөөн оруулж, зөрүүг арилгах чиглэл барьж байгаа гэнэ. Эдгээр нэмэгдэлд 1.3 их наяд орчим төгрөгийн төсөв шаардлагатай.