Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 12 дахь уулзалтаа соёл урлагийн салбарынхантай хийв. Засгийн газрын тэргүүн “Өнгөрсөн хугацаанд нийгэм, соёлын салбарыг орхигдуулж ирсэн. Эл гажуудсан загварыг өөрчлөхийн тулд сонсох, оролцох, чадавхжих, холбох, нэгдэх зайлшгүй шаардлагатай. Салбар бүрийн төлөөлөлтэй өглөөний уулзалт хийж, санал бодлыг нь сонсож байгаа маань ч үүнтэй холбоотой. Соёлын салбарт бодлогын тасалдал үүссэний үр дагавартай өнөөдөр нүүр тулж байна. Бид анх удаа үндэсний нэгдмэл үнэт зүйлийг нэгдүгээрт дэвшүүлж, хүний хөгжил, нийгэм, эдийн засаг гэсэн гурван тулгуурт, урт хугацааны бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Тууштай байж л үр дүнд хүрнэ. Түүнчлэн салбарынхны оролцоо, санал зөвлөмж чухал” гээд цаашид бодлогоор дэмжихээ илэрхийллээ. Мөн соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааныхтай дүйцүүлэхийн тулд улсын төсвийг тодотгоно гэв.
Тус салбарынхны хувьд цалингаа нэмэгдүүлэхээс гадна Төрийн хэмнэлтийн тухай хуулиар ном, хэвлэл худалдан авах төсөв хасагдсаны улмаас номын сан, соёлын төвүүд сан хөмрөгөө баяжуулж чадахаа байсан, соёл урлагийн байгууллагуудыг орчин үеийн техник хэрэгслээр хангах, гэрэлтүүлэгч зэрэг нарийн мэргэжлийн уран бүтээлчийг төрийн бодлогоор дэмжих гэх мэт олон асуудал бий талаар хэлсэн юм. Мөн Монголын уран зургийн галерей ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар уран зураг сэргээн засах дэлхийн хэмжээний лабораторитой болсон ч үйл ажиллагааны зардал байхгүй, үнэт бүтээлүүдээ түрээсийн байранд хадгалж байгааг дуулгалаа.
Бэлтгэсэн: У.Наран