Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт орших, Налайх дүүргийн нутаг дахь Тэрэлжийн голын эрэгт экскаватор ашиглан газрыг нь өнгөрсөн долоо хоногийн дундаас эхлэн ухаж байна. “UB-2”, “Тэрэлж” зочид буудлын араар урсах элголын эргийн гармын хажууд “Бугат тур” компанийнхан ийнхүү газар ухаж буй аж. Үүнд тэр хавийн зарим оршин суугч ихэд унтууцаж “Уугуул оршин суугчдыг байгалийн цогцолбор газарт нүхэн жорлон байлгахгүй гээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн шийдвэрээр иргэдийн хувийн өмчид халдан нураалгасан. Тэгсэн атлаа эрх мэдэлтнүүд нь болохоор голын эрэгт жорлон барихаар газар сэндийчиж байна. Тэрэлж голын эрэг дээр газар ухаж байгаа “Бугат тур” гэдэг компани бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийнх. Энэ хавийн оршин суугчид бид “Бугат тур” компанийнхны барих жорлонд мөнгө төлж бие засах болж байгаа юм” хэмээцгээж байлаа.
Уг нь Усны тухай хуулийн 22.2.1-т “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заасан. 22.2-т нь “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” хэмээн хуульчилсан. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журамд “Энгийн хамгаалалтын бүсийн заагийг усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй, харин нийслэл болон аймгийн төвийн хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд байна гэж заасан байдаг.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд ч газар хагалах, ухах, элс, хайрга чулуу авахыг хориглохоор заасан. Тэгвэл “Бугат тур” компанийнхан Тэрэлж гол болон өмнө нь булаг байгаад ширгэсэн заримдаа үерийн ус урсдаг сайраас 50 метр ч хүрэхгүй зайд газар шорооны ажил эрхэлж буй нь хууль зөрчсөн үйлдэл гэхээс өөр аргагүй.
“Бугат тур” компанийн эрх бүхий албан тушаалтан, Тэрэлж голын эрэгт газар ухаж байгаа ажлыг хариуцаж буй Бат-Энхтэй уулзахад “Бид энд хоёр давхар кофе шоп болон нийтийн ариун цэврийн байгууламж барих юм. Энэ хавьд хүмүүс байнга ирдэг. Машинаа эрэгт орхиод гол дагуу модон дундуур зугаалж, архидаж хогоо хаяж, хээв нэг бие засчихаад явцгаадаг. Гадаадаас ирсэн жуулчид энд буугаад бие засах гэхээр ариун цэврийн байгууламж байдаггүй. Тиймээс энд эко ариун цэврийн байгууламж барих гэж байгаа юм. Энэ ажлын хүрээнд газар ухах зайлшгүй шаардлага тулгарсан. Үүнд оршин суугчид дургүйцэж байгаа бололтой. Эко ариун цэврийн байгууламж маань нэг өрөөнд нь хариуцаж буй хүн нь амьдардаг, эрэгтэй, эмэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан, сааралусашигладагбайх юм. Үүнийгээ бид жишиг байгууламж болгож өөрсдийн зардлаар барьж байгаа. Эндээс гарсан шороогоо ч буцааж ашиглана. Энэ хавийн зарим оршин суугч зам тэгшилж өгөөч гэсэн хүсэлт тавьсны дагуу голын эрэг хүрэх хэсэгт шороо асгаж тэгшилж байна. Бидүүний зэрэгцээ оршин суугчдыг урамшуулалтэргүүлд гаргаж, хог хаяж буй явдалд хяналт тавиулах, голын эргийг зарлан мэдээлэх тоноглол бүхий хяналтын камераар хянахаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэнтэй ярилцаж тохиролцсон. Тамхи татах цэгүүд эрэг дагуу байгуулах, хогийг нь энэ ариун цэврийн байгууламжийнхаа хажууд хураан авах төвлөрсөн цэг байгуулахаар бид ажлаа эхлээд байна” гэсэн юм.
Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт ийнхүү газар ухаж байхад хариуцсан яамныхан нь ч, тус газрын хамгаалалтын захиргааныхан ч, Туул, Тэрэлж голын сав газрынхан ч ус балгасан мэт дуугүй суугаад оршин суугч зарим иргэн дургүйцэж байв.